Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Монголынхоо хатан бүүвэй ээж нар, хайрлам бяцхан үрсдээ аз жаргал, баяр баясгалан, аливаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улс 1952 оноос эхлэн энэ өдрийг ёслон тэмдэглэж иржээ. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар жил бүрийн 6-р сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгохоор шийдвэрлэсэн билээ.
Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тиймээс Хүүхдийн баярын энэ өдрийг Монгол даяар Эх үрсийн баяр хэмээсэн өргөн дэлгэр агуулгаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монгол бол хүүхэд, залуусын орон. Хүүхэд олонтой улс орны ирээдүй цэлмэг байдаг. 2016 оны байдлаар манай нийт хүн амын 30 хувь нь 0-14 насныхан, 35 хувь нь 18 хүртэл настай байна. Тэгэхээр эх орон минь өнө мөнх орших тавилантай.
Эхийн ач, элбэрэл хайрыг монголчууд хамгаас эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Ээжийгээ баярлуулж явбал үйлс бүхэн тань бүтэж дэлгэрнэ гэж бид хэлэлцдэг. Тиймээс ээжүүдээ ачлах, үр хүүхдээ хайрлах хүсэл монгол хүн бүрийнх бөгөөд Монгол төрийн нэн эрхэм бодлого, зорилтын нэг байсаар ирсэн билээ.
Хүүхэд бүр тоглох тоглоомтой, сурах сургууль цэцэрлэгтэй, эрүүл саруул, элэг бүтэн байх ёстой. Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг, хүмүүжүүлдэг зүйл бол эхийн хайр. Түүнийг өөр юугаар ч орлуулшгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Тэгэхээр ээж, хүүхдийн хамтдаа байх цагийг аль болох их байлгах нь нэн чухал гэж үзэж байна. Тэднийгээ эрүүл, аюулгүй орчинд, сэтгэл дүүрэн амьдруулахын төлөө ихийг хийх учиртай.
Эх, хүүхдийн сайн сайхны төлөө зүтгэж, хөдөлмөрлөж, тэмцэх ёстой шүү гэсэн бодол эрмэлзэл монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд байж гэмээнэ “Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэдэг”-ийн учир ерөөл бүрдэх билээ.
Тиймээс хүүхэд бүрийг хайр хүрээлж байг. Ээж болгоныг энэрэл түшиж байг гэж ерөөе.
Монголын үрс маш олон болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД