Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа бэхжин хөгжиж буйг дурдаад, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол, Оросын харилцаанд нэгэн шинэ үе эхэлж байна гэж үзэж болно. Засгийн газрын гишүүн, сайд нарын айлчлал хэд хэдэн удаа болж, салбар тус бүрийн хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараах эхний айлчлалуудын нэгээ ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад хийсэн хэмээн онцлов.
Тэрбээр сайд С.Бямбацогт, В.А.Колокольцев нар салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанд талархаж байна гээд, терроризмтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах, Монгол Улсын иргэд албан ба хувийн хэргээр зорчих үед ОХУ-д оршин суух газрын зөвшөөрлийг тодорхой хугацаанд заавал авдаг журмыг хөнгөвчлөх, иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд үүсдэг зөрчлийг зогсоох, хүндрэл бэрхшээл учруулахгүй байхад анхаарлаа хандуулна уу гэсэн хүсэлт тавилаа.
Ноён В.А.Колокольцев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ салбар хоорондын харилцаа хоёр орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд өргөжиж байна гэж тэмдэглэв.
Тэрбээр “Бид Орос, Монгол, Хятад гурван улсын Дотоод хэргийн сайд нарын уулзалтыг хийх тохиролцоонд хүрсэн нь үүний нэг жишээ юм. 2016 оны 12-р сард сайд С.Бямбацогтын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр бид хамтран ажиллах Протокол байгуулсан бол өнөөдөр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зэрэг олон чухал асуудал туссан” гэлээ.
Ноён В.А.Колокольцев “Таны тавьсан эхний хүсэлтийн тухайд гэвэл, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайн хэрэг. Бид хууль ёсоор зорчих асуудлыг цаашид ч дэмжинэ. Харин хууль бусаар оршин суух, цагаачлалын асуудалд манай улс нэлээд хатуу байр суурьтай ханддаг. ОХУ цагаач болон гадаад иргэдийн тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог. Алан хядах ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг дэлхий нийтийг түгшээж буй энэ үед хууль журмаас гадуур тусгайлан хөнгөлөлт үзүүлэхэд төвөгтэй. Гэхдээ тодорхой шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Бусад асуудлаар байр суурь нэгтэй байна. Эдгээр асуудлаар ОХУ-ын дээд удирдлагуудад танилцуулах болно” гэлээ.
Тэрбээр бидний хооронд санал зөрөлдөөнтэй ямар нэг асуудал байхгүй, найрсаг харилцааны түүхэн уламжлалтай учраас хамтын ажиллагаа олон салбарт, илүү өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн комисс гэх мэт олон улсын байгууллагын хүрээнд ч хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг онцлов.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд А.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав.
УИХ-ын дарга М.Энхболд ноён В.А.Колокольцев болон дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.