2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг мэдүүлэв.

2017/04/28 15:11 1107

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.04.28) “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг боловсруулсан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.

Эдийн засгийн уналт үргэлжилж ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гадаад валютын цэвэр нөөц огцом багассан зэрэг макро эдийн засгийн хүндрэлүүдийн хажуугаар төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн гадуурх санхүүжилтүүд нэмэгдсэн зэргээс 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий -18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэн улмаар өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, төсвийг эрүүлжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсчээ.

Үүний тулд, 

Нэгдүгээрт, төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад онцгой анхаарч, олон зэрэгцээ төсвийг нэгтгэж нэг төсөвтэй болох, “Барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай концессын гэрээг үргэлжлүүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын төслүүдийг цаашид өрийн бичгээр санхүүжүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоож, цаашид эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  71 дүгээр тогтоолоор 2 стратеги, 6 зорилт, 54 арга хэмжээ бүхий “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан.

Гуравдугаарт,  төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэлээ.

Дээр  дурдсан арга хэмжээнүүдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.