“ДОЛОО ХЭМЖИЖ, НЭГ ОГТЛОХ”-ЫН УЧИР

2017/04/28 07:29 13249

Монгол Улсынхаа эрхэм хүндэт иргэдийн энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилье. 

Тавтай сайхан хаваржиж байна уу?

 

Монгол төрийн чухал хэргийн учир аа, төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурлыг тэргүүлж байгаагийн хувьд нийт монгол ахан дүүстээ хандан, энэхүү захидлыг бичин илгээж буйг минь болгооно уу.

Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн  зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон билээ. Энд та бүхний санаа бодол, хүсэл сэтгэл ямар нэг хэмжээгээр багтан илэрхийлэгдэж байгаа гэдэг нь тодорхой юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдийн судалгааны дүн,  ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

Гэхдээ энэ үйл хэрэгт туйлын няхуур хандах ёстой гэж миний бие үзэж байгаа бөгөөд энэ талаарх санал бодлоо удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ.

Ирэх бямба, ням гарагт Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц

Тэдгээр хүмүүсийг Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгосон. Өөрөөр хэлбэл Бүх Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц бага ард түмэн бичил орчинд хуран цуглараад байгаа юм.

Монгол Улсын иргэдийн мэдлэг мэдээллээ тунгаан байж, оюун дүгнэлт хийсэн санал бодол төрийн хэрэгт юу юунаас чухал болохыг, тэдний бодит оролцоог төрийг удирдах, хууль тогтоох үйл хэрэгт хангах нь төрийн эрх барих байгууллагын нэгэн чухал үүрэг байдгийг харгалзан үзэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Улсын Их Хурал намрын чуулганаараа баталсан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-рт Монгол Улсын төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ эрхээ төрийн хэрэгт шууд оролцож, эсвэл төлөөллийн байгууллагаараа уламжилж эдэлнэ гэж заасан. Тиймээс монгол түмнээ төлөөлсөн эдгээр хүмүүс Үндсэн хуулийн эрх үүргээ хэрэгжүүлж Монгол төрийн хэрэгт шууд оролцож байгаа юм.

Энэ зөвлөлдөх санал асуулга нь УИХ-аас баталсан хуулийн дагуу УИХ-ын тогтоолоор хэрэгжиж буй төрийн үйл хэрэг бөгөөд тэдний санал бодлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар маш нухацтай авч үзэж, цаашдын шийдвэрээ гаргах  болно. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3 дахь заалтын дагуу энэ санал асуулгаар гарсан зөвлөмжийг УИХ заавал авч хэлэлцэх учиртай.

Монгол Улсын түүхэнд анх удаа нийт монголчууд дундаас шинжлэх ухааны төлөөллийн аргачлалаар хүмүүсийг цуглуулж, Зөвлөлдөх санал асуулга явуулах нүсэр ажлыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо амжилттай зохион байгуулж байна.

Үндсэн хууль судлаач, Үндсэн хууль батлалцсан депутат Д.Ламжав, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, АИХ-ын депутат асан, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Гомбосүрэн, иргэний нийгмийн төлөөлөл Д.Сүхжаргалмаа, МҮХАҮ-ийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Үндсэн хуулийн эрх зүйч, доктор Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл энэ үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, танилцуулах материал бэлтгэх, эксперт судлаачдыг сонгох, зохион байгуулах бүхий л ажилд хөндлөнгийн хяналт тавьж, ихээхэн хүчин чармайлт гаргалаа.

Нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд судлаачдын нотолж байгаагаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи улс төр, нийгмийн бүлгүүдийн санаачилга зарим талаар ашиг сонирхлын зөрчилтэй байх нь түгээмэл байдаг байна. Харин ард иргэдийн төлөөлөл нийтийн эрх ашиг, олны тусын төлөө зөв мэргэн шийд гаргадаг болохыг шинжлэх ухаан баталж буй. Ийм ч учраас энэхүү санал асуулгыг зохион байгуулж байгаа билээ.

 

Эрхэм ард иргэд ээ,

Үндсэн хууль нь нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийн төр улсыг байгуулсан ард түмний түгээмэл хүслийн илэрхийлэл юм. Үндсэн хууль нь нийгмийн бүх давхаргын ашиг сонирхлын цогц бүрдэл, бүлгүүдийн нийтлэг гэрээ юм. Дээрх санааг Үндсэн хуулийн эрх зүйг үндэслэгч Ж.Ж. Руссо, А.Радищев, Т.Хобис, Ф.Ласае нарын зэрэг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг.

Улс гэрээ улам сайхан болгож өнөөгийн хямралт байдлыг даван туулахын тулд бид засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай болсон нь олон төрлийн судалгаануудын дүнгээс тодорхой байгаа юм.

Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсны эхнийх нь 1924 онд баталсан анхны Үндсэн хууль байлаа. Энэ талаар “Ази тивд анх удаа Үндсэн хуультай болсон орон бол Монгол” гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг анхлан тунхагласан зэрэг нь энэ хуулийн онцлог. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, улмаар нэлээд дэвшилттэй гэж хэлж болохоор нэмэлт, өөрчлөлтүүд 1960 онд орсон байдаг юм. 1960 оноос эхлэн иргэдээ жинхэнэ, жинхэнэ бус гэж ялгахаа больж, эрх тэгш байх үндсийг хуулиараа тогтоон хуульчилсан билээ.

Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт-тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд

“Монгол Улсын шинэ Үндсэн хууль ардчилал, хүний эрхийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тусгасан, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтносон байдлыг бүрэн баталгаажуулсан, ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг хуульчлан, нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ харилцааны үндсийг тодорхойлон Монгол орон, монголчуудын ирээдүйн чигийг заасан” гэдэгтэй санал нийлэхгүй монгол хүн үгүй биз ээ. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн чиг хандлага, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг нэгэнт батлан харуулсан.

Гэхдээ УИХ, Засгийн газрын Ажлын хэсэг, нийгмийн санал асуулга, ШУА-аас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал зэргээс Монгол Улсын Үндсэн хуулийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэж буй үүрэгт дүн шинжилгээ хийх, Монголын төрийн удирдлагын нэгдсэн уялдаа зохицолдоо, эрх мэдлийн хяналт тэнцлийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх нь зүй ёсны асуудал гэж дүгнэснийг анхаарахгүй орхиж боломгүй юм.

Үндсэн хуулиа бүхэлд нь шинээр боловсруулж гаргах, эсвэл нэмэлт засвар оруулахын аль аль нь нийгэм, улс төрийн том үйл явдал юм. Үндсэн хуулийн эрх зүй гэж бие даасан салбар шинжлэх ухаан байдаг. Мэдээж шинжлэх ухаан учраас өөрийн гэсэн онол арга зүйтэй. Үндсэн хуульд нэмэлт, засвар оруулах журмын босго шалгуур хэр өндөр байхаас хамааруулаад хатуу, зөөлөн Үндсэн хууль гэж хувааж болдог гэж Үндсэн хуулийн эрх зүйд үздэг ажээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маш олон шалгуур, босготой, тухайлбал УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваас доошгүйнх нь саналаар л өөрчлөлт оруулж болдог зэргийг тооцвол манай Үндсэн хууль хатуу хуульдаа орно.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн зүйл заалт ч харьцангуй хатуу. Тулгуур хууль ийм байхаас ч өөр аргагүй. Тиймээс л улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн,

           

Эрхэм иргэд ээ,

 

  1. Эрдэмтэд судлаачид, иргэд олон нийтийн санал бодлыг судлах, эхний санал дүгнэлт боловсруулах (1-р шат буюу анхны хэмжилт)

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал болон 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүд энэ ажил эхлэх үндэслэл болсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар ажиллаж, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор А.Эрдэнэцогт, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах, Хууль зүйн сайд асан Н.Лувсанжав, “Эв монгол” ТББ-ын тэргүүн О.Алтангэрэл, түүхч Д.Өлзийбаатар, “Ёс” өмгөөллийн нөхөрлөлийн гишүүн Д.Миеэгомбо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Ц.Даваадулам, иргэн Б.Ламжав, судлаач М.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг судалгаа хийсэн.

Тус ажлын хэсэг судалгааныхаа үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим шаардлага буй болсныг хүлээн зөвшөөрч, нэмэлт өөрчлөлтийн талаархи тодорхой санал дүгнэлт боловсруулж Засгийн газарт хүлээлгэн өгсөн.

 

  1. Улсын Их Хурлын түвшинд судлах (2-р шат буюу хоёр дахь хэмжилт)

2016 онд УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэх асуудлыг судалсан. Тус ажлын хэсэг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийн санал дүгнэлт, мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн УИХ-ын Тамгын газрын Судалгааны албаар хийлгэсэн 25 судалгаа шинжилгээ,  “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын Ажлын хэсгийн тайлан, эрдэм шинжилгээний бага хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн судалгаа дүгнэлтийг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх 6 сэдвийг баталсан.

Улсын Их Хурлаас 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолыг баталсан.

 

  1. Зөвлөлдөх санал асуулга явуулах (3-р шат буюу гурав дахь хэмжилт)

Зөвлөлдөх санал асуулгыг дараах үе шатаар явуулахаар төлөвлөсөн.

1-р шат: Улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс газар дээр нь очиж, санал асуулга авах;

2-р шат: Дээрх иргэдийн 50-иас доошгүй хувь буюу 785 иргэнийг түүврийн аргаар сонгож, санал асуулгын сэдвүүдийн талаар тэнцвэртэй мэдээллээр хангаж, Төрийн ордонд хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулан, анх авсан санал асуулгын хуудсаар саналыг дахин авах;

Ингэхдээ мэдээлэлжүүлэх, тунгаах зарчмаар хэлэлцэн зөвлөлдөх юм. Санал асуулгад оролцогчдод ямар нэг мэдээлэл өгөхгүйгээр асуултуудыг асуувал ихэнх нь  тодорхой хариулахгүй, эсвэл мэдэхгүй гэх, нэг бол тааж буудах маягаар хандах магадлалтай. Зөвхөн нэг талыг барьсан мэдээллээр хангавал бас өрөөсгөл дүгнэлт гарна. Ийм учраас оролцогчдыг тэнцвэртэй мэдээллээр хангаж, учир шалтгааныг экспертүүд тайлбарласнаар хэлэлцэн зөвшилцөх юм. Энэхүү санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д хүргүүлнэ.

 

  1. Үндэсний зөвшилцлийн комисс ажиллах (4-р шат буюу дөрөв дэх хэмжилт)

 

  1. Үндсэн хуулийн төслийн талаар эрх бүхий дараах этгээдээс санал авах (5-р шат буюу тав дахь хэмжилт)

-Ерөнхийлөгч;

-Засгийн газар;

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл;

-Шүүхийн ерөнхий зөвлөл;

-Хүний эрхийн үндэсний комисс;

-Монголбанкны ерөнхийлөгч

 

6.Хуулийн төслийг хэлэлцэх (6-р шат буюу зургаа дахь хэмжилт)

-Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

-Төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх;

-Төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх;

-Төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол батлах;

-Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх;

 

  1. Ард нийтийн санал асуулга явуулах (7-р шат буюу долоо дахь хэмжилт-Нэг огтлолт)

Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно.

Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонхи нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонхи нь “татгалзана” гэсэн санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцно. Санал асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг дахин авч хэлэлцэхгүй.

Тэгэхдээ илүү ил тод, бүрэн тодорхой, шинжлэх ухааны үндэстэй, хуулийн болон техник, технологийн ололтод тулгуурласан, улс төр, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос хараат бус, эрүүл саруул хамтын оюун ухаанаар тэжээгдсэн, оруулж буй нэмэлт, өөрчлөлт зөвхөн “зайлшгүй”-г эш үндэс болгосон, олон он жил даган мөрдөгдөх дархлааг бүрдүүлсэн байх ёстой гэж үзэж байгаагаа тайлбар болгон Та бүхэнд толилуулав.

Монгол түмнийхээ мэргэн ухаан, саруул оюунд би бат итгэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Та бүхнийг хүндэтгэсэн:

 

Монгол Улсын Их Хурлын дарга МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр                    Улаанбаатар хот.