Төв аймаг 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ

2013/07/30 15:38 872

Энэ жил дөрвөн аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Үүний нэг болох Төв аймаг 90 жилийн ойгоо энэ сарын 27, 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Төв аймгийн 90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмыг нээсэн юм. Наадамд улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд барилдсанаас гадна тус аймгаар овоглодог алдартнууд оролцов.

Төв аймгийн 90 жилийн ой төдийгүй төвийн бүсийн даншиг гэдэг утгаараа хурдан морины уралдааны хувьд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тус аймгийн 27 сумаас гадна 21 аймгийн хурдан хүлгүүд тоосоо өргөжээ.

УИХ-ын гишүүн, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд хэлэхдээ, 530 орчим их насны морь мордож байсан түүх сүүлийн 10-аад жилийн туршид монголчуудын хувьд байхгүй.

Би 1999 оноос хойш 2012 оныг хүртэл улс, үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байсан. 500 гаруй морь уралдаж байсан тохиолдол үндсэндээ бараг үгүй. Төв аймагт аймгийн уяачид, бусад төвийн бүсийн уяачид хүрэлцэн ирж  наадам өргөн дэлгэр сайхан боллоо гэв.

Төв аймаг олон улсын төмөр зам болон авто зам, агаарын замын гол зангилаа болно. Хөшигийн хөндийд баригдаж эхэлсэн олон улсын нисэх буудал 2016 онд ашиглалтад орно.

Их Майдар бурхны цогцолбор нээгдэнэ гээд бүтээн байгуулалт олон дэд бүтэц бий болж, хөгжлийн том төв болох ирээдүй байгааг энэ нутгийнхан онцолж байлаа.

МҮОНТВ