УИХ-ын дарга М.Энхболд НАМЗХ-ны 20 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ.

2017/04/05 15:33 6281

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Эрхэм хүндэт залуучууд аа,

Эрхэм дүү нар аа,

Анд нөхөд өө,

Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилэхийн ялдамд Монгол Ардын Намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, одоогийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Намын дэргэдэх залуучуудын байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид, гишүүд дэмжигчид та бүхнээр уламжлан Монголынхоо нийт залуучуудад эрүүл энх, эрдэм боловсол, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

           

1990-ээд оны эхээр 30 хүрээгүй залуухан төрийн албан хаагч намынхаа дэргэдэх "Шинэ үе" жигүүр, улмаар МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн чуулганы үйл ажиллагаанд оролцож, шинэ нийгмийг гардан байгуулах үйлсэд бид хэрхэн оролцож, ямар замаар, юуг чиг зорилгоо болгон замнах вэ гэх мэт асуудлаар оюун ухаанаа уралдуулж явсан залуу насаа дурсан санахад таатай байна.

Залуучуудын байгууллага нь улс орны хөгжлийн ирээдүй, шинэчлэлт өөрчлөлтийн дуу хоолой, залуучуудын үзэл санаа, эв нэгдэл, эрхэм зорилгын нэгдэл байдаг. Манай намын дэргэдэх залуучуудын өөрөө удирдах байгууллагад залуучууд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийн дагуу эвлэлдэн нэгдэж, залуусын эрх ашиг, эрмэлзэл тэмүүллийг илэрхийлэн, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулан амжилттай ажиллаж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Залуусгүй өчигдөр, өнөөдөр, маргааш гэж үгүй. Шарласан, шастирласан түүхэнд үе үеийн залуусын үлдээсэн мөр бүхэн гэгээн хүсэл, гэрэлт тэмүүллээр онцгойрон ялгарч байдаг билээ. Монгол залуу хүн бүр өөдрөг хүсэл, өсөн дэвжих мөрөөдөлтэй байх ёстой гэж би боддог. Мөрөөдлөө биелэл болгохын төлөө тэмцэж чаддаг байх учиртай. Үе үеийн залуучууд эх орондоо сайхан ирээдүйг замчлан авчирч байсан.

Бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн бол, залуучууд та бүхэн өнөө цагт эх орноо эрдэм боловсрол, эх оронч үзэл, эрхэм ёс суртахуунаар тэтгэн бэхжүүлэх цаг иржээ. Залуу хүн сурч мэдэхээс хойш сууж, сугарч хоцролгүй, эрдэм мэдлэгийг эрхэм анд нөхрөө болгох учиртай. Таны ухаан бодол, уураг тархинд буй мэдлэг, чадварыг хэн ч булааж авч чадахгүй. Энэ бол үүрдийн үнэт баялаг юм.

Өнгөрсөн 20 жилийн дотор манай намын залуучуудын байгууллага Монголын нийгмийн нөлөө бүхий томоохон төрийн бус байгууллага болж, олон мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, өсгөж торниулсныг монголчууд мэднэ. МАН-ын ахмад үеийнхэн залуустаа ямагт хүндэтгэлтэй хандаж, зөвийг дэмжиж, бурууг залруулан, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ажил үйлсээ залгамжлуулан уламжлуулсаар өнөөг хүргэсэн. Манай нам бодлого, зорилго, үйл ажиллагааны хувьд залгамж чанараа маш сайн хадгалдаг, залуус маань үзэл бодол, үйл хэрэгтээ тууштай, төр түмний итгэл хүндлэлийг дааж чаддагийн утга учир ахмадаа залуус нь хүндэлдэг, залуустаа ахмадууд нь итгэж, дэмжиж чаддагт оршдог.

Монгол Улсын Их Хурлаас залуучуудынхаа сурч боловсрох эрх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн олон хууль тогтоомжийг батлан гаргаж, хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Ингэснээр хүн амын олонхийг бүрдүүлэгч, улс орны хамгийн чухал үнэт зүйл болсон залуучуудынхаа хөгжих эрх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах, үйл ажиллагааг нь дэмжин туслах зэрэг харилцааг тодорхойлсон хууль эрх зүйн шинэ орчин бүрдэнэ.

 

М

“Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол” уриатай Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо маань Монгол Ардын Намынхаа дэрвэх туг, дэвэх жигүүр, найдах найдвар, итгэх ирээдүй нь болсоор байна. Манай намын залуучуудын байгууллагын түүх улам улмаар баяжин зузаарч, эх орныхоо хөгжил дэвшил, иргэн түмнийхээ аз жаргалын төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

            Та бүхэндээ их амжилт, идрийн золбоо, ирээдүйг дархлах эрч хүчийг хүсэн ерөөе.

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот