Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр /2017.03.22/ Улсын Их Хурлын гишүүний хувиар тойрогтоо буюу Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа үргэлжлүүлэн тойрогтоо ажилласан юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, албаны бусад хүмүүс ажилласан.
Тэд аймгийн Цагдаагийн газар, “Хүмүүн” сургууль-цэцэрлэгийн цогцолбор, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр дээрх байгууллагын удирдлагууд цагдаагийн газрыг байртай болгох, “Хүмүүн” цогцолборын дунд сургуулийн хичээлийн “А” байрыг шинэчлэх, төрөх эмнэлэг барих, аймгийн эмнэлгийг дижитал-рентген аппараттай болгох, түргэн тусламжийн машины паркийг шинэчлэх зэрэг асуудлыг тавьж байлаа.
Дараа “Монгол туургатан” театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ, УИХ-ын намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөв. Зорилтот бүлэг буюу өндөр настан, хүүхдээ асарч буй эх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, оюутан залуусын ахуй амьдрал, эрүүл мэндээ хамгаалах, хөгжих асуудлыг шийдвэрлэсэн хуулиудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хэрхэн, яаж гарах чиглэлээр Засгийн газар, түүний харьяа байгууллагуудад үйл ажиллагаа явуулах бололцоог олгосон эрхзүйн баримт бичгүүдийг шуурхай батлан гаргахад анхаарч ажилласныг тэмдэглэв. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй хуулиудын талаар танилцуулав.
Үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийсэн ажлын талаар мэдээллээ.
2008-2016 онд нийт 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо татаж, ажилласнаа хэлсэн. Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих санаачилга анх гаргаж, санхүүжилтийг шийдүүлэх ажилд оролцсоноор энэ ажил одоо бодитой болж улс орны нүүр царай болсон томоохон нисэх буудал ирэх оны эхээр ашиглалтад орох гэж буй бөгөөд Төв аймгийн иргэд ажлын байртай болох нөхцөл бололцоо бүрдсэнийг онцолсон. Мөн аймгийн төвд 9.5 тэрбум төгрөгийн өртөгтэй театрын барилга барих төсөл өнгөрсөн парламентад оруулж батлуулсан бөгөөд 2018 онд театр ашиглалтад орохоор болсон, Зуунмод сумын Зүүндэлгэр багийн сургууль, цэцэрлэгийг газрын гүний дулааныг ашиглаж халаах технологи нэвтрүүлснээр жилд дунджаар 160 сая орчим төгрөгийн дулааны зардал хэмнэж байгаа гэсэн юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тойрогтоо хоёр шинэ сургууль барих, 32 сургууль засварлах, дөрвөн шинэ цэцэрлэг барих, 16 цэцэрлэг, 21 сумын хүн эмнэлгийн барилгад засвар хийх, нэг суманд соёлын төв шинээр барих, бусад сумдад соёлын төвийн барилгыг засч сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулган шийдүүлсэн талаараа мэдээллээ.
Аймгийн хэмжээнд 140 орчим инженерийн хийцтэй худаг гаргасан, 27 сумын хүүхэд залуучуудад зориулж шатрын спортын клуб бий болгосон, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Борнуур, Жаргалант, Батсүмбэр гэсэн гурван суманд авто зам, Налайх-Зуунмодны чиглэлд 125 км замыг авто замыг тавиулснаар Төв аймаг хоёр чиглэлээр Улаанбаатар хоттой авто замаар холбогдох боломжтой болсныг мөн хэлсэн юм.
Дараа нь иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув.
Иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүлэн ажиллаж байгаад УИХ-ын даргад талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн малын гаралтай түүхий эд ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд байгуулах шаардлага байгааг хөндлөө. Тухайлбал, сүлжмэл, нэхмэл даавуу үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад дэмжихийг хүссэн. Төв аймагт хонины ноосоор утас ээрэх үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйлдвэрээ түшиглэн нэхмэл даавуу үйлдвэрлэх мэргэжлийн баг хамт олон байгаа, гагцхүү тэдэнд хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэйг иргэн Т.Дамбаравжаа хэллээ.
Харин иргэн Б.Тойвгоо, төслийн зуух өрх болгонд өгнө гэсэн, хэзээнээс олгогдох вэ, олон улсын нисэх буудалд Төв аймгаас 300 иргэнийг ажилд оруулна гэсэн, ажилд орох иргэд яаж бүртгүүлэх вэ, мансууруулах бодист донтохтой тэмцэх хууль баталмаар байна, Манзуширийн хийдийг төв аймгийн мэдэлд өгнө үү гэсэн асуулт, хүсэлтийг гаргасан бол иргэн М.Рэнцэндорж тэтгэвэр нэмэх, тэтгэвэрт гарч буй иргэдэд хүндрэлгүйгээр тэтгэврийг тогтоож өгдөг байх, түрээсийн орон сууцанд өндөр настнуудыг хамруулах саналтай байгаагаа уламжилсан. Мөн иргэд Төв аймгаас Улаанбаатар хотын хооронд зорчих нийтийн тээврийн маршрутыг хүндрэл, чирэгдэл багатайгаар тогтоох, “Дивизийн байр”-ыг хувьчлах ажлыг шуурхайлах зэрэг олон асуудлаар асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Иргэдийн асуултад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нар хариулт өгч, зарим асуудлыг шууд шийдвэрлэснээ танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд иргэдийн зарим асуултад нэмж хариулахдаа түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуух айл өрхүүдэд олгох болсон, Зуунмод суманд дулааны станц барих асуудал шийдэгдсэн зэрэг мэдээллийг өгч, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн шаардлага, төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай байхыг хориглох хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар тайлбар хийв.