-Эдгээр залуучууд намынхаа ажлыг улам идэвхжүүлье, сайжруулъя, олон түмнийхээ санаа бодлыг тусгая, намын гишүүдэд улам эрчтэй, хүчтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгье, сонгуулийн үр дүнгээр нь намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнтэй хариуцлага тооцъё гэж байгаа.
Эдгээр яригдаж буй зүйлүүдийг нь би зөв зүйтэй, байх ёстой юм яригдаж байна гэж л хүлээж авсан. Шинэчлэл хийх нь өөрөө учир начиртай. Санаанд орсон болгоныг хийх ёстой мэтээр шинэчлэлийг хамаагүй авч, давхиж болохгүй. Үнэхээр намын дотоод ажил амьдралд өөрчлөх, шинэчлэх ёстой зүйлүүдийн аль нь вэ гэдгийг тодорхойлж, тогтоох ёстой.
-1996 оны долдугаар сард би ч гэсэн энэ залуучууд шиг намын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой, намд шинэчлэл хэрэгтэй гэж ярьж явсан хүний нэг л дээ.
Манай нам 90 гаруй жилийн түүхтэй. Улсын тусгаар тогтнол, өнөөдрийн бий болгосон бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулж ирсэн уламжлал, түүхтэй нам.
Нэг, хоёр удаагийн сонгуульд ялагдсанаараа намаа байх, байхгүй хэмжээнд хүртэл шинэчлэхийн тухайд сэтгэх юм бол энэ нь түүхэн алдаа болно. Намаа шинэчилье гэж ярьж буй залуусыг би дэмжиж байгаа.
Тусгаар тогтнолын ордон
-Ямар ч байсан биеллээ олсон гэж үздэг. Би 1996 онд дүүргийн намын хорооны дарга байсан. Дүүргийн намын хорооны дарга гэдэг бол нэг талаараа дүүргийн намынхаа удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг.
Тэгээд намаа шинэчлэх ёстой гэдэг нөхдүүдтэйгээ нийлж, намаа шинэчлэх ажилд нэгдэж ажилласан. Тухайн үед бидний ажлын зорилт биелсэн. Бага хуралд залуучууд орж, төлөөлөл бий болж, намын удирдлагуудад хариуцлага тооцож, шинэ удирдлагууд гарч ирсэн.
Тэр үед 1996 оны долдугаар сард шинэчилье гэж ярьсан, эхлүүлсэн ажлын үр дүнд одоогийн МАН 2000 оны сонгуулийн ялалтыг авчрах үндэс суурь болсон олон хүчин зүйлүүдийн нэг нь байсан байх аа.
-Гол нь тэдгээр залуучууд маш хариуцлагатайгаар асуудалд хандаасай гэж хүсч байна.
Залуучууд өөр өөрсдийнхөө хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байгаа. Энэ бүгдийг үгүйсгэх аргагүй.
-Сонгуулийн дараа тодорхой зорилттой, бодолтой улсууд юу ярьж, бичих нь тэдний хэрэг. МАН-ын Удирдах Зөвлөл, Сонгуулийн төв штабын шийдвэр гарч, орон нутгаас мажоритараар сонгогдсон гишүүд өөрийнхөө тойргийг бүрэн хариуцаж ажиллах ёстой гэж үүрэг, даалгавар өгсөн.
Энэ үүргийн дагуу би Төв аймгийн бүх сумдад хүрч, сонгогчидтой уулзаж, ажилласан. Төв аймгийн хувьд манай нэр дэвшигч ялалт байгуулсан. Миний хувьд намаасаа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн гэж үзэж байгаа.
-Хүн болгон асуудлыг өөр өөрийнхөө өнцгөөс, өөрийн харж байгаа, өөрийнхөө ойлгосон хэмжээндээ л тайлбарлах гэж оролддог байх. МАН-д унтаа байгаа зүйл огтхон ч алга. Сөрөг хүчнийхээ үүргийг зохих хэмжээнд хэрэгжүүлж, биелүүлж байгаа.
Сонгуулийн луйврыг барагдуулах талаар буйдан дээр суулаа гэдэг нэр хоч хүртэл зүүж, УИХ-ын чуулганыг зогсоосныг Монголын ард түмэн харж л байсан байх. Яахын аргагүй хариуцлага тооцох ёстой, шаардлага гараад ирсэн үедээ Ерөнхий сайд огцор гэдэг асуудлыг Их хуралд оруулж ирснийг ард түмэн бас харсан биз ээ.
Ерөнхий сайдыг огцруулах ёстой асуудалтай холбогдсон Хэрэг эрхлэх газрын удирдлага ажлаа хүлээлгэж өгсөн явдал нь бидний тухайн үед зөв, зүйтэй шаардлага тавьсны илэрхийлэл болсон.
Өнөөдөр нэг сонгуулийн үр дүн амжилтгүй боллоо гэдгээр намынхаа хийж байсан бүх ажлыг үгүйсгэж, харлуулж ярьж байгаа нь буруу зүйл байгаа юм.
2012 оны Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар ярилцаж байна
Үндэсний их баяр наадам олон зуун жилийн туршид монголчуудын тэмдэглэж ирсэн түүхтэй, уламжлалтай сайхан баяр. Ер нь наадмын өнгө төрх, наадмын зохион байгуулалт ямар болсон бэ гэдгийг монголчууд нэгэн жилийн туршид ярьдаг.
Сайн сайхан болсон бол сайхнаар нь жил ярьдаг. Хэрэв алдаа оноотой болсон бол тэр тухай нь ч жил ярьдаг шүү дээ. Тэр утгаар нь төр Засгаас ихэд анхаарал тавьж, баяр наадмын арга хэмжээг сайхан зохион байгуулж ирсэн уламжлалтай.
-Би 1999-2012 он хүртэл, дунд нь хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллах үедээ завсарласан. Тэрнээс арван жилийн хугацаанд тасралтгүй баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байлаа.
Жил болгон л өөрийн гэсэн онцлогтой баяр наадмууд болдог байсан даа. Гэхдээ энэ баяр наадмыг зохион байгуулсан зүйлүүдээ эргээд харж байхад, үндэсний их баяр наадмын өөрөөс нь тодорхой хэмжээний орлогын эх үүсвэрийг олж байж баяр наадмыг тэмдэглэдэг ийм жишгийг энэ хугацаанд тогтоосон.
Баяр наадмыг наадамчин олон түмний санаа сэтгэлд нийцүүлэх, тухайн жилийн онцлогийг тусгах талаар нэлээд анхаарч, урлаг, соёлын байгууллага, хот тохижилтын байгууллага, наадамчин олны сэтгэл санааг урьдчилж сонсох гэж тодорхой ажлуудыг хийж бодож боловсруулж байж баяр наадмыг бэлтгэлийг хангаж оролцох ёстой.
Анх намайг наадмын комиссын даргаар 1999 онд ажиллаж байхад, түрүү бөх 150 мянган төгрөгийн шагналтай байсан. Ингээд тэр цагаас хойш арван жилийн дотор энэ шагнал 15 сая төгрөг болж өссөн.
Үүнийг би наадамд түрүүлсэн бөхийн шагналын 150 мянгыг 15 сая болголоо гэдгээсээ илүү, Монголын төр Монголын түүх соёлоо хэрхэн дээдэлж, үнэлж байна вэ гэдгийг энэ мөнгөний жишгээр ойлгох ёстой. Зөвхөн түрүү бөхийн бай шагнал өссөн биш, ерөөсөө эрийн гурван наадам, шагайн харвааны бай шагнал бүгд арван жилийн хугацаанд ийм хэмжээтэйгээр өсч, үнэлэмж нь нэмэгдсэн.
Үндэсний их баяр наадам, эрийн гурван наадам гэдэг бол монгол хүн бүрийн, монголчуудын түүх соёлын нэгээхэн хэсэг шүү дээ. Тийм учраас түүх соёлынхоо тодорхой хэсэгт төр ийнхүү анхаарал тавьсан гэж дүгнэж хэлж болох юм.
-Би жаахан хүүхэд байхын хурдан морь сонирхдог байсан. Манай аав, ээж, өвөг дээдсүүд ч гэсэн хурдан морь уяж байсан уламжлалтай хүмүүс байдаг.
Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль болж, уяаныхаа гал дээр очиж, наадмын бэлтгэлийг олон удаа үзэж чадаагүй. Харин сонгуулиас хойш хоёр удаа очсон. Морьд бол сайхан байгаа. Энэ жил улсын баяр наадмын зэрэгцээгээр олон хурдан морины уралдаан залгуулаад болно.
Энэ сарын 21-нд "Их хурд" хурдан морины уралдаан зохиогдоно. Дөрвөн жилийн дотор бүс бүсийн уралдаанд, айраг түрүү авч байсан, азарга, их насны морьдын уралдаан Хархорин хотод болно.
Мөн энэ сарын 27-28-нд дөрвөн бүсийн хурдан морьны уралдаан болох гэж байгаа. Энэхүү уралдаан Хэнтий, Завхан, Архангай, Төв аймагт болно. Аймгийнх нь 90 жил тохиож байгаа дөрвөн аймагт энэ дөрвөн бүсийн уралдааныг зохион байгуулахаар бид санал гаргаж, Засгийн газар шийдсэн байгаа.
Ер нь манайхан морьтон монголчууд гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө өнөөдөр бид нар монгол морио дэлхийн стандартад ч бүртгүүлж амжаагүй явж байгаа шүү дээ. Тийм учраас бид монгол мориныхоо талаар дэлхий даяар дуурсгагдсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах ёстой.
Монголчууд морьтойгоо хамт дэлхийн талыг эзэлж явсан гэж ярьдаг болохоос биш, өнөөдөр дэлхий дээр монголчуудын морины талаар бичээд үлдээчихсэн тодорхой амжилтууд, төдийлөн олон байдаггүй.
750 жилийн тэртээ Монгол төрийн бодлогын нэг хэсэг нь монгол адуу байж. Монголд адууны яам байгуулагдаж байсан түүх бий шүү дээ.
-Бид ирэх наймдугаар сарын 10-ны үеэр хурдан морьны уралдаан зохион байгуулж, Гиннесийн номонд монголчууд мориорой бүртгэгдье гэж бодож байгаа.
Энэ үеэр арван мянган морьтой хүмүүсийн жагсаалыг зохион байгуулахаар Гиннесийн номны комисст нь хандаж, зөвшөөрлийг нь авсан. Шүүгчид нь ирэхээр болсон. Гиннесийн номонд монгол морио бүртгүүлэх бэлтгэл ажлыг нь хийж байна. Энэ мэтчилэнгээр өнөө жилийн хувьд нэлээд онцлог, баяр наадам үргэлжилсэн зун болох байх.
-2006 оны наадмыг би сайхан болсон гэж боддог. Учир нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон. Тухайн үед олон улс орны төр засгийн тэргүүнүүд орж, монгол наадам үнэхээр дэлхий нийтэд сурталчилагдаж чадсан сайхан наадам болж, монголчууд ч сэтгэл санаа өөдрөг сайхан байсан.
Энэ утгаараа сүүлийн арваад жилийн наадмаас сэтгэлд хамгийн тодоор үлдсэн гэж би боддог юм.
Өдрийн сонин