УИХ-ын дарга М.Энхболд: “Монгол цэргийн өдөр”-ийн дайчин, цогтой, гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

2017/03/17 18:08 2252

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Хүндэт ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, цэргийн алба хаагчид аа,

Та бүхэндээ болон та бүхнээр уламжлан зэвсэгт хүчин, хил, цагдаа, онцгой байдлын албаны нийт бие бүрэлдхүүнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа “Монгол цэргийн өдөр”-ийн дайчин, цогтой, гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй.

Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэсээр ирсэн юм.

  Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгосон билээ.

Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм.

Батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгох, баатарлаг түүхээ танин мэдэж түүнийг өвлөн уламжлахад энэ өдөр онцгой ач холбогдолтой.

Гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол орон бусад өдрүүдийнхээс илүү өнгөлөг, улам ч жавхаа хийморьтой болох шиг санагддаг.

Монгол эх орноо дээдлэх, алтан соёмбот төрийн далбаандаа сүслэх, дайчин эрсийн мөр зэрэгцсэн жагсаал дор эх орны хөвгүүдээрээ омогших бахархал чухамхүү энэ өдөр л хамгийн тод илэрдэг билээ.

Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлээд өнөөдөр хилээ манаж, бүтээн байгуулж, энхийн үйлст дэлхийн цэргүүдтэй хөл нийлж яваа алба хаагчид хүртэлх монгол цэргийн түүх бол монголчуудын даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны цадиг шастир билээ.

Монгол хүн бүхэн монгол цэрэгтээ хайртай, тэднийгээ хүндлэн дээдэлдэг.

Чухам тиймийн учир Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн анхны ээлжит чуулганаараа Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай гэсэн багц хуулиудыг шинэчилж, батлан гаргалаа.

Эдгээр хууль батлагдсан нь Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтын тогтолцоо, түүний үндэс, зарчмыг шинээр тодорхойлох, нэгдмэл байдлыг хангах, цэргийн алба хаагчийн эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах,

Монгол Улсын иргэн эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг улам боловсронгуй болгоход томоохон ач холбогдолтой боллоо.  

Монгол Улсын төрийн цэргийн байгууллын улс төрийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгчийнхээ хувьд Монгол Улсын Их Хурал цэргийн алба хаагчдынхаа үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг хангах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт нэмэгдэл, шагнал урамшууллын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч монгол төр Та бүхнийг эрхэмлэн дээдэлсээр байх болно.

Хүндэт дайчид аа,

Монгол төрийн түүхээр аялахад монгол цэргийн түүхийн зам мөр тэнд заавал дурайж байдаг.

Энэ бол төр, цэрэг хоёр ямагт хамт оршсоор ирсний гэрч билээ. Цаашдаа ч энэ уламжлал мөнх үргэлжлэх нь маргаангүй.

Төр байгаа цагт цэрэг байна.

Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай.

Тиймээс аминаас ч илүү алтан хил, дархан орныхоо өмөг найдвар, бат түшиг болсон Та бүхний яруу алдар үеийн үед бадарсаар байх болтугай хэмээн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө ХАМТ ЗҮТГЭЦГЭЭЕ.