“АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ УЛААГЧИН ТАХИА ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ.

2017/02/27 00:28 3941

Элэг  нэгт ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,
Хотол олноороо гал бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтаж буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.


Өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Цагаан сар бол ариун тунгалагийг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.


Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээлээ.


Бороо хуртай дэлгэр зун, арвин ургацтай налгар намар болж өндөрлөлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ.


Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, сүүлийн 25 жилд анх удаа үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн.


Үйлдвэрлэл, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын гээд олон салбарт Монголын нүдэндээ галтай, нүүрэндээ баясалтай, эрдэм ухаан төгс хөвгүүд, охид олон сайхан амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.


Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль амжилттай боллоо. Монгол түмэн маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэлээ. Буруудсаныг засах, эвдэрснийг эвлүүлэх, бутарсныг цуглуулах, унасныг босгох үүрэг даалгаврыг ард түмэн минь энэ сонголтоороо өгсөн гэж бид ойлгож байгаа. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө УИХ, Засгийн газар хичээн ажиллаж байна.


Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биелж байна. Гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байна. Гадаад валютын албан нөөц 1.3 орчим тэрбум долларт хүрлээ.


Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл бизнесийг дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргалаа.


Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах бодлого, зорилтоо манай ард түмэн сайн ойлгож нийтээрээ чармайж эхэллээ.


“Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмээн. Энэ галыг өрдөн асаах, дулаан халуун, амар амгалан нөхцөл байдлыг бүрдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийн суурийг бататган тавих боломж бидэнд бий. Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал чанар билээ.


Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.


Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй улаагчин тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг айлтган барья.


Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД