Азай буурал ахмадууд аа, Манай орны нийт ард иргэд ээ, Өвлийг өнтэй давж, онд мэнд сайн орцгоож байна уу. Та бүхэндээ XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ дэлхийн өнцөг булан бүрээс эх орон, элгэн саднаа гэж ямагт сэтгэл тэмүүлэн байдаг монголчууддаа мөн Цагаан сарын мэнд айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Улиран одож байгаа усан могой жилийн зун нь хуртай, намар нь налгар, өвөл нь өнтэй байж монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрласан, мөн сургамж, сэрэмж дагуулсан жил байлаа. Өнгөрч буй онд Монгол Улс 80 шахам мянган шинэ иргэнээр бүл нэмж, манай улс 2,9 сая хүн амтай боллоо. Малчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд мал сүрэг өсч, малын тоо толгой 45,1 саяд үрлээ. Тариаланчдын хөдөлмөрийн үр шимээр 387 мянган тонн үр тариа, 290 гаруй мянган онн төмс, хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр боллоо.
Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн цаг наргүй бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, үйлчилгээний зарим салбарт нааштай ахиц өөрчлөлтүүд гарч байгаа хэдий ч улсын санхүү, эдийн засгийн байдал амаргүй болсоор байна. Жил дамнасан онгууль, хил дамнасан өр зээл, улс төржсөн талцал, хуваагдлын сөрөг үр дагаврыг тунгаан бодвоос бид сүүлийн жилүүдэд өвгөд дээдсийн сургаалийг огоорч, эв эеийг умартаж, өвөр уураа тэмцэлдсэнийх билээ.
Тиймээс МАН улс төрийн намуудад хандан эв нэгдэл, үндэсний өвшилцлийг уриалан, хамтарч ажиллах санал гаргасныг Монголын улс төрийн нам, хүчнүүд дэмжиж, улс орныхоо хөгжлийг улс төржилтөөс ангид, ул суурьтай бодлого, төлөвлөгөөтэй, эв нэгдэлтэй түүчээлэхээр зорьж байгаад гүнээ талархаж байна. Өнгөрч буй онд манай намын XXVII Их Хурал болж, намын шинэчлэлийн олон асуудлыг элэлцэж, цаашдын зорилтуудаа тодорхойлсон билээ. Намын эв нэгдлийг бататгаж, сахилга, ариуцлагыг дээшлүүлэн, иргэдийнхээ хүсэл, шаардлагыг сайн мэдэрч ажиллан, намаа шинэчлэх ажилд бүгд гар, сэтгэл нийлж хамтран зүтгэж байж манай нам амжилт гаргана эдгийг намын гишүүд, дэмжигчдэдээ хандаж хэлмээр байна.
Манай ард түмэн үндэсний уламжлалт Цагаан сараар гэр бүл, ахан дүүсээрээ цугларч настан буурлуудаа хүндэтгэн золгож, амар мэндээ мэдэлцэж, өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн ярилцаж, ирж буй жилийн өнгийг шинжиж, аз жаргал, амжилт бүтээл арвин байхын өлзий дэмбэрэлт ерөөлийг бэлгэшээн хэлэлцдэг сайхан заншилтай билээ. Эрдэнэт хурдан үлгээ төрийн сүлдэндээ дээдэлдэг манай ард иргэд морин жилийн өнгөнөөс юуг хүсэж, үлээж байна вэ? Юуны өмнө санхүү, мөнгөний салбарыг тогтвортой байлгаж, дан ганц уул урхайг шүтэх бус үйлдвэрлэлийн бусад салбарууд, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, дийн засгаа олон тулгууртай болгож, түргэн хурдацтай хөгжихийг хүсэж байна.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд учирч байгаа саад тотгор, чөдөр тушааг арилгаж, төрийн оролцоог багасгах, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахыг хүлээж байна. Манай ард иргэд, ахмад настнууд хангалттай цалин, тэтгэвэр, тэтгэмж авч, аюулгүй орчинд гэр бүлээрээ ая тухтай сэтгэл хангалуун амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуу үеийнхэн маань эрдэм боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй, өөрийн гэсэн ажилтай, нэн зөв мэдээлэлтэй, нийгмийн баялгийг бүтээлцэж, нэр төртэй амьдрахыг хүсэж байна. Үндэснийхээ язгуур эрх ашгийн төлөө улс төрийн нам, хүчнүүд зөвшилцөж, эв нэгдлээ рхэмлэн эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгээсэй гэж хүсэж байна.
Улс төрийн ууган хүчин МАН УИХ д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд бид морин жилд ард түмнийхээ хүсэл, зорилгыг биелүүлэхийн төлөө хяналттай, санаачилгатай, өвшилцөл ойлголцолд тулгуурлан хичээн зүтгэх болно.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Манай ард түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон морин жилдээ ард иргэд маань рүүл энх, аз жаргалтай байж, ажил үйлс нь өөдрөг, амьдрал нь дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Иргэд олон түмэн та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.