Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Жэй Лиоттатай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын үнэлэмж болон ОУВС, "Эрдэнэт"-ийн шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа. Америкийн Худалдааны танхим нь дэлхийн 100 гаруй оронд салбартай томоохон байгууллага юм.
-АМЧАМ нь “Өсөлтөд хүрэх зам 2017” бодлогын баримт бичигт дөрвөн чиглэлийг гол зорилгоо болгож тодорхойлсон. Санхүү, эдийн засгийн төрөлжилт, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн чиглэлүүд багтжээ. Юун түрүүнд, санхүүгийн чиглэлд ямар боломжуудыг бий болгох зорилт тавьж байна вэ?
-Монгол дахь Америкийн Худалдааны танхим нь АНУ, Монгол Улсын бизнесийн харилцааг сайжруулах, хамгаалах гол зорилготой. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлд Монгол Улсыг сурталчилж Америкаас Монгол руу хөрөнгө оруулалт татах зорилготой. Манай Удирдах зөвлөлийн гишүүд болон миний зүгээс Монголын нийгэм, эдийн засаг болон өнөөгийн тулгамдаад байгаа агаарын бохирдол, эрүүл мэндийн асуудлыг хувийн хэвшлийнхэн, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд шийдвэрлэх боломжтой гэж хардаг.
Монгол Улс хөгжихийн тулд Монголын бизнесийн салбар хөгжих ёстой. Энэ философи дээр үндэслээд бид жил бүр өсөлтөд хүрэх зам буюу бодлогын чиглэлээ тодорхойлдог.
Үүнийг тухайн жилдээ бид бизнесийг илүү хөгжүүлэхийн тулд чухам юунд гол анхаарлаа хандуулах талаар тодорхойлж өгсөн бодлогын чанартай баримт бичиг гэж хэлж болно. Энэ баримт бичигт дөрвөн гол чиглэлийг тодорхойлсон. Үүнд санхүү, эдийн засгийн төрөлжилт, эрх зүй, хуулийн орчны шинэчлэл болон бизнесийг хөгжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн дөрвөн чиглэл тус тус багтаж байгаа. Санхүүгийн тал дээр бид гишүүддээ илүү хямд, өрсөлдөхүйц санхүүгийн орчныг амлахыг урьтал болгосон. Энэ чиглэлд уламжлалт хэв маяг тогтчихсон байдаг. OPEC тэргүүтэй олон улсын хөгжил, санхүүгийн институтүүдийг энд нэрлэж болно. Эдгээр байгууллага нь Монголд олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа АНУ-ын хувийн салбарын хөрөнгө оруулалтын корпорациудад хяналт тавьж, хөрөнгө оруулалтын чиглэлд анхаарч ажилладаг. Үүнээс гадна US Exim ч юм уу экспортод анхаардаг банк санхүүгийн байгууллага, санхүүгийн институтийг энд нэрлэж болно. Эдгээр банк санхүүгийн байгууллагууд нь америк бүтээгдэхүүнийг Монголд экспортлоход дэмжлэг үзүүлж, улмаар санхүүгийн илүү таатай нөхцөл санал болгодог.
-Монгол Улс хямралаас зайлсхийхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгааг бид мэднэ. Тэгвэл энэ чиглэлд АМЧАМ ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
-Эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд бид салбар салбараар нь авч үзэж байгаа. Гэхдээ онцгойлон хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт түлхүү анхаарлаа хандуулж байна. Нэн ялангуяа, сэргээгдэх эрчим хүчний салбарт. Манай гишүүдэд Монголын эдгээр салбаруудыг дэлхийн түвшинд хүрсэн, олон улсад өрсөлдөх чадвартай болгох хэмжээний хамгийн шилдэг шийдэл, шилдэг технологи, ноү хау, ёс зүй нь бий. Хэрэв олон улсад өрсөлдөхүйц түвшинд салбараа хөгжүүлж чадвал хөрөнгө оруулалт татаж чадна. Ийм ч учраас энэ салбар дахь АМЧАМ-ын гишүүдтэй түншилснээр салбаруудаа дэлхийн хэмжээнд гаргана, цаашлаад эдийн засгаа төрөлжүүлэх боломж бололцоог олгох чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна, франчайзинг аваад үзье. Pizza Hut, KFC, Holiday Inn, Ramada, Hard Rock Cafe-уудыг энд нэрлэж болно.
-Тэгвэл эрх зүйн орчны талаар авч үзье. Энэ чиглэлд АМЧАМ-ын тусгайлан анхаарч байгаа гол зорилго юу вэ?
-Хууль эрх зүй гэдэг нь маш том хүрээний асуудал. Хөрөнгө оруулалт татаж Монголд амжилттай бизнес эрхлэхийн гол тулгуур нь хууль эрх зүйн таатай орчин юм. Мөн дээрээс нь хэт чанга хууль эрх зүйн орчин гэдэг таатай зүйл биш. Энэ нь бизнес, хөрөнгө оруулалтыг цаашаа үргээж байгаагаас ялгаагүй. Энэ чиглэлд бидний анхаарч буй хэд хэдэн зүйл бий. Хууль эрх зүйн хязгаарлалт бага байх нөхцөлийг эхлээд ярья. Бид хууль эрх зүйн орчны хязгаарлалтаас аль болох татгалздаг. Бид хувийн салбарт төр оролцох ёсгүй гэж үздэг. Төр бизнесийн зохицуулалтыг хийх ёстой. Гэхдээ бизнесийг амжилтад хүргэе гэж бодож байгаа л бол төр бизнест оролцох ёсгүй. Бид мөн гэрээний дагуу, хуулийн дагуу, татварын орчинд мөрдөгдөх ёстой дүрэм журмуудаа дагаж мөрдөнө.
Татварын орчин албан ёсоор бүрэн хэмжээнд ойлгогдсон байх хэрэгтэй. Тэгж байж хүмүүс энэ зах зээл дээр бизнес эрхэлснээр ямар хүлээлттэй байх эсэх нь тодорхой болно. Тэгтэл татварын байцаагч орж ирээд татварын энэ журмууд мөрдөгддөг, торгуулиа төл гэж хэлэх тохиолдол их гардаг. Ил тод байдал том асуудал болдог. Ийм учраас бид санхүүгийн үйлчилгээний хороо байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ хороо Засгийн газар, манай гишүүдэд бодлогын түвшинд зөвлөмж өгөх учиртай юм. Санхүүгийн чиглэлд жаахан хүнд үетэй тулж ирээд байгаа өнөө үед энэ нь чухал ач холбогдолтой гэж харж байна.
-Дотоодод анхаарал татаж буй сэдвүүдийн талаар ярилцъя. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас туслалцаа хүссэн хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулалтын орчинд ямар үр дүн гарах вэ?
-Сангийн яам болон ОУВС хувийн салбарынхантай ойлголцолд хүрч хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол хэлэлцээр удаан хугацаанд хүлээгдэж байгаагийн шалтгаан юм. ОУВС-тай хийж буй хэлэлцээр БНХАУ, ОХУ, Япон бүр магадгүй АНУ-тай хийсэн хоёр талын хэлэлцээрээс илүү үр дүнтэй байж магадгүй. Тус хэлэлцээр нь Засгийн газар шахалт үзүүлж хэрэгжүүлэлтийг илүү тодорхой болгосноор бид дахин ийм асуудлуудтай тулгарахгүй. Тийм болохоор ОУВС-гийн хөтөлбөрөөр дамжуулан үүнийг хийх хэрэгтэй. Харин одоо бид ямар шаардлагатай арга хэмжээ авсныг тодруулж, асуудлыг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Өнгөрсөн онд бодлогын зарим шийдвэрүүд алдаатай байсан. Тиймээс бид Монголын ард иргэдийн болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн нуруун дээрх ачааг хөнгөлөх ёстой. Гэхдээ бид татвар өсөх, Монгол Улсын хөгжлийн банкны бонд болон бусад бондын төлбөрийг эргүүлэн төлөхтэй холбоотой асуудлуудтай тулгарч магадгүй юм. Харин эдгээр асуудлууд ямар нөхцөл байдлаас шалтгаалан яагаад үүсэх болсон талаар, мөн ямар арга хэмжээ авснаар нөхцөл байдал дээрдэх талаар харилцан ярилцаж ойлголцолд хүрнэ.
-Бид бондын эргэн төлөлтийн талаар нэлээд эерэг бодолтой байгаа. Гэхдээ бидэнд илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай нь мэдээж. Бид хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах вэ. Мөн зөвхөн АНУ-аас ч биш өргөн хүрээндээ хувийн хэвшлийг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Хууль зүйн орчин тогтвортой байх нь хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Энэ нь хувийн хэвшлийн бизнесийг дэмжинэ, бодлого журмууд зөөлрөх үндсэн болоод зогсохгүй төр, парламент бизнесийг дарамталдаг байдлыг үгүй хийх ёстой юм. Энэ бүхэн нийлж байж хүмүүсийг нааш нь татна. Үүнээс гадна Монгол дахь амжилттай байдал ч чухал. Хэрвээ та Нью Йорк дахь хөрөнгө оруулагч байлаа гэхэд би хөрөнгө оруулагчид тийм ч төвөгтэй хүмүүс биш гэж хэлнэ. Тэд ердөө л би энд бизнес хийж болох уу, өгөөж хүртэж чадах уу гэдгээ л боддог. Хэрэв тийм бол энэ чек гээд мөнгөө өгчихнө. Хэрэв хөрөнгө оруулагчид Монголд үнэхээр амжилт олж болдог гэдгийг бодитоор мэдвэл “за” туршаад үзье гэж хэлэх болно. Гэхдээ мэдээж энэ бүхэн цаг хугацаа шаардана. Хөнгөн хуумгай шийдвэр юунд хүргэдгийг бид үзсэн. Мөн хувийн хэвшил хүчирхэг байх үед эдийн засаг цэцэглэж байсныг бид харсан. Хүмүүс ажилтай байсан, та бүгдийн аз жаргалын түвшин ч өндөр байсан. Гэхдээ бодлогын маш буруу шийдвэр Монголд гарсны улмаас энэ бүхэн хоромхон хугацаанд үгүй болсон. Энэ бүгдийг эргэн сэргээхийн тулд зөвхөн шинэ хууль тогтоомж, бодлого батлах нь хангалттай биш. Учир нь шинэ Засгийн газар гарч ирэх бүртээ “бид ашигт малтмалын шинэ хууль батлана, ийм ч хууль, тийм ч хууль” гэхийг олон сонссон. Нэг талаасаа энэ сайн л байх. Гэхдээ нэг хуулийн хэрэгжилтийг хангахын тулд дор хаяж 3-4 жил шаардлагатай. Хууль дүрэм гэдэг тогтвортой байх ёстой. Энэ л хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах болно. Бид үүнийг яг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй.
-УИХ-ын “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрт “Монголын зэс” корпораци болон бизнесийн салбарынхан нэлээд сэтгэл дундуур байна. Зарим хүмүүс энэ шийдвэрийг улстөржсөн гэж үзэж байна. Та бүхэн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Ямартай ч бид хууль зүй болон гэрээ контрактын халдашгүй дархан байдалд итгэдэг. Миний онцлон хэлмээр байгаа нэг зүйл бол Монголд энэхүү хорт хавдар дахин дахин үргэлжилсээр. Энэ бол Монголд хууль дүрмийн тогтвортой байдал дутагдалтай байгаагийн шинж. Үүний оронд аливаа нэг намын дүрэм журам л үйлчилж байна. Яаж тухайн нэг зүйл нэг Засгийн газар, УИХ-ын үед хуульд нийцэж байснаа өөр нэг засгийн үед хуульд нийцэхгүй болж болох юм бэ. Би зөвхөн Эрдэнэтийн талаар яриагүй байна. Бид яг ийм байдлыг 1990-ээд оноос хойш дөрвөн жил тутам л харж байна шүү дээ. Аливаа зүйл хуулийн дагуу байснаа гэнэт л хуульд нийцэхээ байчихдаг. Энэ бол хууль биш. Хууль бол ямар ч цаг үед тогтвортой байдлаа хадгалах ёстой. Би байнгын хороон дээр юу болж байгаа талаар сонссон. Гэхдээ тэдгээр гишүүд бол шүүгчид биш шүү дээ. Гэхдээ л тэд юу хуульд нийцэх вэ, юу хууль бус вэ гэдгийг шийдэж л байдаг. Үүний оронд шүүхийн мэргэжлийн хүн энэ асуудалд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Жишээ нь, миний сонссоноор Хөгжлийн банканд хууль бус зээл олгосон гэсэн. Гэхдээ хувийн хэвшлийнхнийг үүнд яагаад буруутгаж байгаа юм бэ. Энэ шийдвэрийг Засгийн газраас л гаргасан шүү дээ. Засгийн газрын гаргасан буруу шийдвэрийн төлөө хувийн хэвшлийнхнийг яагаад шийтгэж байгаа юм бэ. Энэ бүхнээс Монгол бизнес эрхлэлтийг дэмжиж байна уу гэх зэрэг маш олон чухал асуудал урган гарч байна. Монгол үнэхээр хөрөнгө оруулахад, бизнес эрхлэхэд тохиромжтой газар мөн үү. Тиймээс л бид бүгдийг зөв хийж эхлэх хэрэгтэй байна. Дахин хэлэхэд бид хэнийх нь зөв, хэнийх нь буруу эсэхийг шийдэхгүй. Гэхдээ Монгол Улс амжилттай байхыг хүсэж байгаа бол бизнесийнхэн амжилттай байх хэрэгтэй гэсэн байр суурийг бид баримталж байна. Монголд одоо үүсээд байгаа нөхцөл байдал Монголд яагаад ч туслахгүй.
Б.МӨНХ
Эх сурвалж: news.mn сайт