УИХ-ын дарга М.Энхболд аварга малчдад шагналыг нь гардууллаа.

2017/02/23 19:48 4668

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын “Хошой аварга малчин”, “Аварга малчин” цол хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын малчдад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн хамт өчигдөр(2017.02.22) цол, шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Зэвэгийн өвөр” хэмээх газар өвөлжиж буй малчин Чойжилын Мөнх-Очир аварга цолыг дагалдан ирж буй улаан халзтай өргөөндөө УИХ-ын дарга, сайд, албаны хүмүүсийг угтан авлаа.

-Жаахан жавартай ч цас багатай сайхан өвөл боллоо. Ус нутаг, хань ижил, үр хүүхэд, хэдэн малынхаа буянаар төрийн том цол хүртлээ хэмээн мэндийн хөөрөг зөрүүлэх зуур өгүүлэх Ч.Мөнх-Очир 2007 онд “Аварга малчин” болж байсан бол 10 жилийн дараа “Хошой аварга” хэмээх алдар цолыг хүртэж байгаа нь энэ ажээ.

Тэрбээр энэ жил улсын хэмжээнд “Хошой аварга” цол хүртсэн таван малчны нэг юм. Эднийх бог голдуу, 1000 гаруй малтай аж. Зургаан хүүхдийнх нь гурав нь аавыгаа дагаж, малчин болжээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн нар Ч.Мөнх-Очирт Хошой аварга малчны энгэрийн тэмдэг, тууз, батламж, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цомыг гардуулан өглөө.

УИХ-ын дарга М.Энхболд Ч.Мөнх-Очир болон түүний гэр бүлийнхэнд баяр хүргэж хэлсэн үгэндээ:

-Буянт мал сүрэг бол Монголын баялаг. Мал аж ахуй Монгол Улсын голлох үйлдвэрлэл байж, улсаа, монголчуудаа тэжээн тэтгэсээр өдийг хүргэлээ. Таны хувьд цэргийн алба хаасан гурван жилээс бусад он жилүүдэд ус нутагтаа малаа маллаж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу малчдыг сурган бэлтгэх, сум орон нутгийн ажилд тус дэм үзүүлэх талаар үлгэрлэн манлайлагчдын нэг юм байна.

Сүүлийн гурван жилд малгүй айл өрхөд 1300 шахам мал өгч малжуулсан, сумынхаа Тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг засварлах, тохижуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнд тань талархаж байна.

Та Төв аймгийн хувьд 28 жил тасарсан “Хошой аварга малчин”-ы алдрыг нутагтаа эргүүлэн авчирсанд баяр хүргэе. Туршлага, мэдлэг, мал маллах арга ухаанаа улам олон залууст өвлүүлээрэй гэв.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд мөн сумын иргэн, “Аварга малчин” цол хүртсэн Хэнмэдэхийн Нямжавынд зочиллоо. Улаан халзтай гэр өвөлжөөнд дүнхийж, ахан дүүс, нутаг усныхан нь хамтдаа албаны хүмүүсийг угтаж авлаа.

 

Х.Нямжав удам судраараа малчин хүмүүс юм байна. Аав нь нэгдлийн адуучин, ээж нь саальчин байж. Х.Нямжав өөрөө 45 жил мал малласны 20 жилд нь адуу дагасан учир нутгийнхан нь “Адуучин Нямжав” гэдэг ажээ.

Тэрбээр сумын аварга адуучнаар 11 удаа шалгарч байсныг УИХ-ын дарга М.Энхболд шагнал гардуулах үеэрээ онцлон тэмдэглэв. Х.Нямжав сүүлийн гурван жилд есөн өрхийг 1000 шахам малтай болгожээ. Түүнчлэн 2009-2010 оны зудад малаа алдсан залуу малчдад тус бүр 20 хургатай хонь, 20 ишигтэй ямаа өгч байжээ.

-Алдар нэр, шагнал урамшил олныг хүртэж явлаа. Гэхдээ “Аварга малчин” боллоо гэдэг мэдээг багийн дарга нар хүргэж ирэхэд үнэхээр их баярлаж, аньсага чийгтээд ирж байна лээ шүү. Аав ээжийн минь, малын  минь буян даа хэмээн Х.Нямжав өгүүлж байлаа.

Түүнд “Аварга малчин”-ы шагналыг нь УИХ-ын дарга М.Энхболд, сайд П.Сэргэлэн нар гардуулж, улам их амжилт гарган, улсын хошой аварга цол хүртэхийг ерөөлөө