УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд Баяр наадмын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэр оновчтой эсэхийг тодруулж, шууд даян аварга цол олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Улсын их баяр наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохтой санал нэгдэхгүй гэдгээ хэлсэн юм. Гэсэн хэдий ч чуулганы хуралдаанаар хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан юм.