УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Чуулган завсарлахад хоёр хоног үлдээд байна. "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулах горимын санал гаргаж байна.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулган завсарлах гэж байна. Улс төр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед Ээлжит бус чуулган зарлах байх гэж бодож байна. "Эрдэнэт"-ийн иргэдийн асуудалтай холбоотой хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг маань яагаад гацаагаад хэлэлцэхгүй байна вэ?
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг холбогдох хуулийн дагуу шалгалтыг хийсэн гэж үзэж байгаа. Холбогдох бүх хүмүүсийг бүгдийг нь байлгаж байгаад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн ганц 49 хувь ч биш 51 хувьтай холбоотой асуудлыг шалгаж, ярих хэрэгтэй байна. 51 хувьтай холбоотой шахааны бизнес, зээлийн асуудал байгаа. Үүнийг хамтад нь шалга. Тиймээс УИХ-аас "Эрдэнэт" үйлдвэрийг бүхэлд нь шалгах Ажлын хэсэг гаргах санал гаргаж үзэж байна.
-УИХ-ын дарга М.Энхболд: "Эрдэнэт"-ийн асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг эцэслэн УИХ-д оруулж ирээгүй байна. Хэрвээ Хууль зүйн байнгын хороо асуудлаа оруулж ирвэл "Эрдэнэт"-ийн асуудлыг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх боломж байна. Гэхдээ чуулганаар Эрдэнэттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болбол бүх талын төлөөллийг оролцуулж, саналыг нь сонсох хэрэгтэй. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талынх нь хүмүүс миний нэр дээр бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт талуудын оролцоог хангаж өгөөч, биднээс асууж тодруулахгүй байна, Байнгын хорооны хуралдаанд оролцуулахгүй байна, нэг талын дүгнэлтээр тулгалт хийж байна гэсэн байсан. Энэ албан бичгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хүргүүлсэн байгаа. Хэрвээ УИХ-аар хэлэлцэхээр болбол бүх талын төлөөллийг оролцуулж хэлэлцэх ёстой.
Хууль зүйн байнгын хороо "Эрдэнэт"-ийн асуудлаар өнөөдөр 13.00 цагт хуралдахаар боллоо.