Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо.
Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их Хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад АИХ-ын депутатууд төдийгүй иргэд ч санал сэтгэгдлээ илэрхийлсээр байсан юм.
Энэ утгаараа Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл билээ. Ардчилал, хүний эрхийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тусгасан, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтносон байдлыг бүрэн баталгаажуулсан, ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг хуульчлан, нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ харилцааны үндсийг тодорхойлон, Монгол орон, монголчуудын ирээдүйн чигийг заасан, түүхэн ач холбогдолтой хууль бол 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль байлаа. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа.
Нөгөөтэйгүүр ардчилсан тогтолцоотой дэлхийн улс түмнүүдийн Үндсэн хуулийн сайн жишиг, нийтлэг түвшинд хүрсэн, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг шингээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, дэвшлийг агуулсан, Монгол дахь ардчиллын баталгаа болж чадсан гэж эрдэмтэн судлаачид дүгнэн үздэг билээ. Монголчууд хэнээс ч хараат бусаар, өөрсдөө боловсруулж, өөрсдөө шүүн тунгааж, өөрсдөө гардан эх барьж авсан, нийгмийн нэг байгууллаас өөр цоо шинэ байгуулалд шилжин орох, энэ түүхэн сонголтоо эрх зүйн хувьд баталгаажуулах чин эрмэлзлийн илэрхийлэл нь энэхүү Үндсэн хууль болсон билээ. Монголчууд хэрэгтэй цагтаа нэгдэж чадсаны илэрхийлэл, шинэ, ардчилсан төрт улсыг эмхлэн цогцлоож, эх орныхоо ирээдүйн сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамгийн чухлыг хийж, хэрэгжүүлж байна гэсэн бат үнэмшил нь энэхүү шинэ Үндсэн хуулиар биежин баталгаажсан билээ. Түүнчлэн “Үндсэн хуулийн өвийн тухай” хуультай болох талаарх үзэл бодол ч анхаарвал зохих асуудал мөн” хэмээн онцлов.
Энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 он арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар Бадарчийн Дэмбэрэл, Рэнцэнхорлоогийн Ёндондэмбэрэл, Донидын Найдан, Пүрэвийн Нямсүрэн, Даржаагийн Пүрэвдорж, Шаравын Цэнджаргал, Дамдины Шагдар, Пуужингийн Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.