Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийхээр ирээд байна. Тэрбээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа.
Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси хоёр орны парламентын хамтын ажиллагаа бодит түвшинд шинээр эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа бол итгэлцэлд суурилсан харилцаа. Манай улс олон оронтой дипломат харилцаатай. Гэхдээ эрх тэгш харилцааны зарчим Монголтой илүү сайн хөгжиж байгаад баяртай байдаг” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 жил болжээ. Хоёр тал хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой туршлага хуримтлуулж байна. Улс төрийн харилцаа ч сайн хөгжиж байгаа. 2016 онд Арабын Нэгдсэн Эмират улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж, Монгол Улс Дубайд өөрийн төлөөлөгчийн газраа нээх болсноор хамтын ажиллагааны байнгын, идэвхтэй механизм бүрэлдэн бий болох эхлэл тавигдлаа.
Хоёр улсын харилцааг бүх түвшинд өргөжүүлэх ёстой гэж бодож байна. Тэдгээрийн нэг нь парламент хоорондын харилцаа юм. Худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн таатай орчин нэн чухал тул ийм нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг. Түүнчлэн парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, парламентын бүлэг, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний эхний зорилго байх болно. Мөн олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагуудын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах нь чухал юм” гэж тэмдэглэлээ.
Тэрбээр хатагтай Амал Абдулла Ал Кубаисид хандан хоёр улсын Засгийн газар хоорондын харилцааг идэвхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд “Абу Дабигийн сан” 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгосонд манай ард түмэн, ялангуяа тус бүс нутгийн иргэд ямагт талархалтай ханддаг. Энэ бүтээн байгуулалт манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг юм” гэж онцлов.
Тэрбээр Монгол Улс эдийн засаг, санхүүгийн амаргүй нөхцөл байдалтай тулгараад байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, 70 сая малтай, байгалийн баялаг ихтэй, 3.0 сая хүн амтай орон. Энэ онд явагдсан парламентын болон орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгуулсан. Тэгэхээр ойрын 4 жилд Засгийн газар тогтвортой, төр засгийн бодлого, үйл ажиллагаа нэгдмэл байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой” гэж хэллээ.
Тэрбээр бүс нутгийн улс төрийн байдал, Иран, Йемен, Сирийн талаар хөндөж ярив. Йемений асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх зорилготой Арабын орнуудын эвсэл үүсэж, тус эвслийн бүрэлдэхүүнд манай дайчид үүрэг гүйцэтгэж яваа. Манай улс эвслийн орнууд дотроос хамгийн их буюу 1.2 тэрбум ам доллар зарцуулан хүмүүнлэгийн болон бусад тусламж үзүүлж байгаа. Түүнчлэн дүрвэгчдийн асуудалд онцгой анхаарал хандуулж, Сирийн дүрвэгчдээс 100.000 хүнийг манай улс хүлээж аваад байна. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх болно гэж нэмж хэлэв.
Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси хэт даврагчид болон терроризмтай тэмцэх асуудлаар Монгол Улс АНЭУ-тай ижил байр суурьтай байдагт талархлаа илэрхийлээд “Терроризмтай зөвхөн зэвсэг барин тэмцээд бүрэн амжилтад хүрэхгүй. Тэдний үзэл санааны суурийг устгах, санхүүжилтийг таслан зогсоох, аллага хядлагагүй улс орон хөгжил дэвшилд хүрч болдгийг үлгэрлэн харуулах зэргээр тэмцэх ёстой. Энэ талаар манай улс бодит жишээ болж байна” гэж хэлээд өөрийн улс орны Засгийн газрын бүтцэд байдаг Аз жаргалын яам, Ирээдүйн яам, Эв нэгдлийн яам, Залуучуудын яамныхаа талаар тайлбарлав. Дараа нь Холбооны үндэсний зөвлөлийнхөө хуралдааны танхим, үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хатагтай Амал Абдулла Ал Кубаисиг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.
ТОДРУУЛГА: Тус улсын парламент 40 гишүүнтэй. 20-ыг нь Эмирт улс тус бүрд ногдох квотын тоогоор сонгож, 20-ыг нь шууд томилдог байна. АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг долоон Эмирт улсын төлөөлөгчид парламентын бүрэлдэхүүнд заавал багтах ёстой бөгөөд Эмирт улс бүр төлөөлөгчөө сонгох тус тусын сонгуулийн арга, хэлбэртэй аж.
Парламент буюу Холбооны үндэсний зөвлөл нь хууль санаачлах эрхгүй, Сайд нарын зөвлөлийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэн, засвар өөрчлөлт оруулж баталдаг. Мөн хуулийн төслийг буцаах эрхтэй. Одоогийн парламентад 6 эмэгтэй гишүүн ажилладаг.
Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси өрнөдөд боловсрол эзэмшсэн, доктор цолтой, ийм өндөр албан тушаалд хүрсэн (2015 оны 11 дүгээр сард парламентын спикерээр томилогдсон) тус улсын анхны эмэгтэй удирдагч бөгөөд харьцангуй залуу (1969 онд төрсөн) хүн юм