Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.12.08/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төсөл санаачлагчаас асуух асуулт гараагүй бөгөөд төслийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан хэмээн танилцуулгадаа дурдсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Болорчулуун, М.Билэгт нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.
Тэрбээр, байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс хуулийн төсөл санаачлагчаас асуух асуулт гараагүй бөгөөд төслийн талаар УИХ-ын ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Саранчимэг, Н.Амарзаяа нарын гаргасан зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан гэлээ.
Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ш.Раднаасэд нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх хугацааг мөнгөн орлого олох цаг хугацаатай давхцуулж болохгүй юу хэмээн тодруулсан. Учир нь нь малчид бусад ажил эрхлэгчидтэй адил сар бүр орлого олоод байдаггүй. Нийт малчдын 8 хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа нь ч үүнтэй холбоотой гээд хуулийн төсөлд малчид, хөдөлмөр эрхлэгчдэд ямар боломж олгож байгаа вэ хэмээн лавласан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Малчид тогтмол орлого олж чаддагүйн улмаас сар бүр тогтмол нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Малчид хавар ноолуур бэлтгэлийн, өвөл мах бэлтгэлийн үеэр орлого олдог. Тиймээс малчид орлого олсон үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар, хагас жил, бүтэн жилээр төлөх боломжтой. Нийгмийн даатгалын ажилтантай гэрээ байгуулахдаа энэ талаар тусгаж болно. Энэ нь хуулиараа нээлттэй. Хууль хэрэгжсэнээр нийт 400 мянган малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгоно гэж тооцож байгаа гэж хариулсан.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар малчдад урьдчилан танилцуулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд 15-60 нас гэж тусгасан шалтгааныг тодруулсан. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзоригийн тайлбарласнаар, Хөдөлмөрийн тухай хуулиар 15 нас хүрсэн иргэн эцэг эхийн хараан дор хөдөлмөр эрхлэх эрх нь нээгддэг бөгөөд 15 насанд хүрснээр ажиллах хүчинд багтаж байгаа болохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэний насыг 15-60 гэж тусгасан юм байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асуусны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томиллоо
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал байгаагүй учир тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн бөгөөд тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг нээлттэй зарласан юм.
Энэхүү зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 4 гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй үзсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох чөлөөлөх асуудлаар санал хураалт явууллаа.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Д.Дулмаа, Ц.Отгонбаяр, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэг ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг томиллоо.
Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.
Тэрбээр, Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 2 дугаар зүйлийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.19 дэх заалттай нийцүүлэх, мөн тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсгийн заалтын дугаарыг өөрчлөх саналыг хуулийн төсөлд тус тус орхигдуулсныг нэмж тусган, өөрчлөн найруулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хуралдааны явцад гишүүдээс нэмж санал гаргаагүй.
Мөн гишүүн Ё.Баатарбилэг дагаж мөрдөх хугацааны талаар асуулт асуухад төсөл санаачлагч төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөл хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа талаар танилцууллаа хэмээлээ. Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулсны дараа байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар явуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганболд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн ТАюурсайхан хуулийн төсөлд оффшор бүсийг тодорхойлох, хуулийн үйлчлэлд хамаарал бүхий этгээдийг тодорхой тусгасан бие даасан хуулийн төсөл боловсруулж УИХ-д дахин өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг буцаах тухай Байнгын хорооны шийдвэрийг дэмжээгүй учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв.
Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн зарим зүйл, хэсэг дэх үг хэллэгийг өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.