Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ноён Т.Шимизү цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын даргад талархал илэрхийлээд “1973 онд анх удаа Монголд хөл тавьж, нийтдээ 16 жил Монголд амьдарлаа. Ер нь бол амьдралынхаа тал хувийг буюу 30 гаруй жилийг Монголтой холбоотой ажил алба эрхэлж өнгөрүүлжээ. Тэгэхээр Монгол Улс бол миний хоёр дахь эх орон. Япон, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа миний анх хүсэж байсан түвшинд хүртэл хөгжлөө. Гэхдээ хийх зүйл ч их бий. Би энэ чиглэлээр цаашдаа ч ажиллаж, өөрөөс хамаарах бүхнийг зориулах болно. Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд миний ажлыг байнга дэмжиж ирсэнд ноён М.Энхболд Танд тусгайлан талархал илэрхийлье” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Та Элчин сайдын хувьд нутаг буцах нь. Гэхдээ хүнийхээ хувьд бидний анд нөхөр, сайн түншийн харилцаа цаашид ч хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглээд,
-Хүндрэл бэрхшээл тулгарсан үед Японы Засгийн газар, ард түмэн бидэнд цаг ямагт тусалж дэмжсээр ирсэн. Монголчууд үүнийг огт мартдаггүй.
Таны Монголд Элчин сайдаар ажилласан 5 жилийн хугацаанд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүртэл амжилттай хөгжлөө. Япон, Монголын талаас өндөр дээд хэмжээний, ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй харилцан айлчлал 5-6 удаа боллоо. Стратегийн түншлэлийн баримт бичиг батлагдсаныг зориуд цохон тэмдэглэе. Энэ бол хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдолтой баримт бичиг. Цаашид хоёр тал Дунд хугацааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар зорьж байна гэлээ.
Ноён Т.Шимизү “Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоос өмнө хөтөлбөрт гарын үсэг зуруулах зорилготой байгаа. Ноён Улсын Их Хурлын дарга Та ирэх жил Японд айлчилна. Тэр үеэр гарын үсэг зурвал сайнсан гэж бодож байна” гээд “Стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахдаа Монголын боломж, нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Манай тал энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж байгаа. Монголд маш их боломж бий. Түүнийг олж нээн, Японы талаас техникийн хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх замаар дэлхийн зах зээлд Монголыг гаргах ёстой гэж би боддог” хэмээлээ.
Тэрбээр Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн асуудлыг хугацаа алдалгүй шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газраас уг асуудлаар УИХ-д танилцуулга ирүүлсэн. Парламент уг асуудлыг онцгой анхаарч, Японы талын саналыг харгалзан үзэх болно гээд “Таны Элчин сайдаар ажилласан хугацааны ажлыг Монголын төр, засаг, ард түмэн өндрөөр үнэлж байгаа. Таны цаашдын амьдрал, ажил үйлсэд амжилт ололт, сайн сайхныг хүсье” гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.