(Мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 85 жилийн ойд)
Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан театрын алтан тайзнаа уран бүтээлээ туурвиж, үзэгч олны мэлмийг баясгаж ирсэн үе үеийн уран бүтээлчдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараа ардын авьяастан, уран сайханчдын бүлгэмүүд үүсэн бий болж “Улаан гэр”, “Жанжны клуб”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг соёлын байгууллагууд байгуулагдаж эхэлсэн байдаг. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын төв театрыг үүсгэн байгуулсан түүхтэй.
Театр нь тайз, үзэгчдийн амьд харилцаанд тулгуурладаг учраас төр, нийгмийг холбох амьд гүүр болж, хүмүүн төрөлхтөнд ухааран гэгээрэх, уяран хайрлахуйн учрыг таниулж өгдөг ид шидтэй, өгөөж буянтай урлагийн төрөл билээ.
Наян таван жилийн тэртээ Улсын төв театр байгуулагдсанаар алтан үеийн авьяаслаг жүжигчид ар араасаа төрөн гарч, олон зуун шилдэг бүтээлүүдийг туурвин, улмаар мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдахын сацуу драмын төрөл зүйлээс гадна хөгжим, дуу, бүжиг, дуурь, цирк, эстрад, кино, телевиз, хүүхдийн урлагийн төрөл салбарлан хөгжих нөхцөл бүрдэж эрэл хайгуул, төлөвшил, шинэчлэлийн үе шатуудыг дамжсаар Монголын театрын урлаг “Эрдмийн” хэмээх тодотголд хүртлээ дэвжин хөгжжээ.
Монгол ардын үндэсний уламжлалд тулгуурласан, дэлхийн жишигт нийцэхүйц театрын урлагийн суурийг тавьж, өргөөг нь босгосон энэ түүхэн үйл явдал манай ард түмэн нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих дэвшил хөгжлийн нэгэн тод илэрхийлэл болсон юм.
Манай ард түмэнд театраар дамжуулан дэлхий дахины дэвшилт соёлын өвөөс хүртэн суралцах, бүтээлчээр хөгжүүлэх өргөн боломж нээгдэж, үе үеийн авьяаслаг уран бүтээлчид маань манай эриний өмнөх болон сэргэн мандалт, дундад зууны үеүдэд хамаарах өрнө, дорнын сонгодог бүтээлүүдийг орчин цагийн драмын урлагийн шинэ ололт амжилтыг шингээсэн туурвилуудтай хослуулан, түмэн олондоо түгээн толилуулсаар ирсэн нь Та бидний зүй ёсны бахархал билээ.
Үндэсний болон дэлхийн сонгодог 450 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож, Монголын нийгмийн оюуны хөтөч байх үүргээ нэр төртэй биелүүлсээр буй Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын хамт олонд болон нийт уран бүтээлчдэдээ түүхт ойн баярын халуун мэнд дэвшүүлж, урлан туурвихуйн онгод хийморийг хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот