Их Британийн Хөдөлмөрийн намын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

2016/11/11 17:16 1739

Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр (2016.11.11) Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нийтийн танхимын гишүүн, Хөдөлмөрийн намын гадаад бодлогын хорооны гишүүн Жон Гроганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр намын хамтын ажиллагаанд ноён Жон Гроган ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дүн, Монгол орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар товч танилцууллаа.

Тэрбээр хүндрэлийг богино хугацаанд даван туулахад гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн чухал болохыг тэмдэглэж, Их Британийн хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах ажилд ноён Жон Гроганыг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. “Их Британийн Хөдөлмөрийн нам Монголтой улс төрийн сайн түнш төдийгүй эдийн засгийн үр ашигтай, харилцан бие биеийг дэмжсэн хамтын ажиллагааны чухал хамтрагч байна гэдэгт итгэж байна” гэж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд онцоллоо.

Ноён Жон Гроган 2016 онд явагдсан сонгуулиудад намаа удирдан ялалт байгуулсанд М.Энхболдод баяр хүргээд хоёр улс, хоёр нам, парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр оронд тохиож буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх, бие биеэс суралцах зүйл ч бийг тэмдэглэлээ. Тэрбээр “Би Их Британи-Монголын худалдааны танхимын тэргүүний хувьд эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргах болно. Ирэх оны дөрөвдүгээр сард Монголд хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор “Блүүмберг Лондон” телевизээр тусгай нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Ер нь бол Монгол руу хандах хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Төр, засаг нь тогтвортой, эрдэс түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь чухал хөшүүрэг болж байна” гэж онцлов.

Тэрбээр уулзалтын төгсгөлд “Их Британи Монгол Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч танай улстай хамгийн ойрын түнш, нөхөр байхыг эрмэлздэг” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны эдийн засгийн болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа цаашид илүү үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ТОДРУУЛГА:

ИБУИНВУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн анхны улс бөгөөд 1963 онд хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээж байжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.