Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталлаа.

2016/11/10 18:30 10780

Ирэх оны улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

Ингээд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд эхлээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншиж танилцуулан санал хураалгаж батлуулав.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.

Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ болон улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр тооцож төсөлд тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр батлахыг дэмжив.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8,397.8 сая төгрөгөөр батлав.

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221,651.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 160,000.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 61,651.0 сая, Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,336,245.7 сая төгрөгөөр тус тус батлав.

Харин 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг аймаг тус бүрээр баталж нийт дүнгээр 131,300.7сая, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 132,604.8 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг нийт 74,505.9 сая төгрөгөөр тус тус батлахыг дэмжлээ.

Мөн "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар, "Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан юм.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 46 нь буюу 88.5 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1,978,036.0 сая, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг 1,887,408.8 сая төгрөгөөр тус тус батлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр батлав.

Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 44 нь буюу 86.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа. Эдгээр хуулийг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, хуулийн хугацаанд нь батлуулсан Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.

Төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

 тогтоолын төслийг дэмжив

Дараа нь “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Тус байнгын хороо 2017 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эдгээр хуулийн хэрэгжилтийн явцад зарим асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн 4 чиглэлээр 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тухайлбал, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа зарим асуудал, татварын орлогод нөлөөлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-д саналаа боловсруулж танилцуулах, мөн нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэх, түүхий нефтийн экспортоос холбогдох татварыг тооцдог болох, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны бөйгууллагын төлөөлөл орох, тэдний цалин, урамшууллыг оновчтой болгох зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа. Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой зааж өгчээ. Харин нийтийн албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан байна.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх явцад гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын хүрээнд холбогдох өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ. Тухайлбал, төрийн албан хаагч гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмшиж байгаа эсэхийг хэрхэн, яаж тодорхойлох, түүнд хяналт тавих асуудлыг ямар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх; холбогдох хуульд заасан болзол, шаардлагын дагуу сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан төсөлд заасан тодорхой хугацааны дараа ямар арга хэмжээ авах асуудлыг тодорхой хуульчилж өгөх; хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос тогтоодог ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудын хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоох; мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхой болгож, шилжилтийн үеийн зохицуулалт шаардлагатай эсэх асуудлыг шийдвэрлэх зэргийг санал болгосон байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Л.Болд нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газар төслөө татаж аваад юуны өмнө оффшортой тэмцэх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэж орох нь чухал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гадаад оронд энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг талаар Тамгын газарт захиалга өгч судалгаа хийлгүүлэхэд гол төлөв ил тодын тухай хуулиараа зохицуулсан байдаг юм байна, ер нь оффшор гэдгийг хуулиар тусгайлан зохицуулах боломж байхгүй учраас төрийн албан хаагч хүн гадаадад данс эзэмшихийг хориглож өгөх нь зөв, УИХ-ын гишүүн Н.Учрал төслийг дэмжиж байгаа, гэхдээ төслийн үзэл баримтлалыг хөндөхгүйгээр хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандах, бусад орны туршлага практикийг судалж, олон улсын жишгийг харгалзаж үзэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Аюурсайхан нар асуудалд бодитой, үндэслэлтэй, шударгаар хандаж, өргөн хүрээнд цогцоор нь харж шийдэхэд анхаарах, оффшор дахь дансны эх үүсвэрийг нь шалгаж тогтоох, хариуцлага тооцох арга механизмыг суулгаж өгөхгүйгээр асуудал шийдэгдэхгүй, иймээс хууль санаачлагч төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.