Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ.

2016/11/02 10:09 2140

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. 

Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна

            Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргасан юм.

            Уг захирамжаар шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулсан билээ.

            Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах юм.

            Комиссын гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссоос “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Уг төлөвлөгөөнд:

  • Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг орон нутагт тэмдэглэх ажлыг зохион байгуулах;
  • Олон улсын Үндсэн хуулийн байгууллага (IACL)-д гишүүнээр элсэх бэлтгэл ажлыг эхлүүлэх;
  • “Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг ойн үеэр Төрийн түүхийн музейд байршуулж, олон нийтэд сурталчлах;
  • АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, яам, агентлагууд хүлээн авч уулзах ажлыг зохион байгуулах зэрэг 20 шахам арга хэмжээ багтжээ.

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлөвлөгөө, төсвийг баталлаа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг батлаад байна.

Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн ахлах юм.

Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заах зэрэг арга хэмжээ багтжээ.

Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Эл тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргадаг юм.

Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нд эхэлнэ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдах уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд улс даяар нэгэн зэрэг болно.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаарх албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна.

Шатрын спортыг УИХ ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт албан тоот хүргүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэх тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлэв.

Уг албан тоотод орон нутагт ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулах ажлын талаар тусгасан байна.

Тухайлбал, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа АИХ-ын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэднээр их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заалгах, уулзалт ярилцлага зохион байгуулах, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудын зураг, намтар, хэрэглэж байсан эд зүйлээр аймгийн музейд булан, танхим байгуулах, АИХ-ын депутатуудын сонгогдсон тойрог (аймаг, сум)-т дурсгалын самбар босгох, депутатуудын дурсамж, дуртгал, гэрэл зургаар ном, альбом хэвлүүлэх зэрэг ажил багтжээ.