Эзэн богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2016.10.31/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Дуурийн дуулаач Г.Ариунбаатар ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан арав дахь хүн болов. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байр, Шилдэг баритон дуучны шагнал, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын гуравдугаар уралдаан, Олон улсын дуулаачдын “Байгал” хоёрдугаар уралдааны тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XIV уралдааны Гран при шагналыг тус тус хүртсэн билээ.
Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үг хэллээ.
Дараа нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.