МЭНДЧИЛГЭЭ

2016/10/26 13:49 1988

/Монголын Архитекторуудын Эвлэлийн 60 жилийн ойд/

 

           Монгол Улсын архитектур, хот байгуулалтын бодлогыг боловсруулагч, гардан хэрэгжүүлэгч нийт архитектор, зураг төсөл зохиогчдодоо Монголын Архитекторуудын Эвлэл байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

           Манай оронд хотжилт эрчимтэй явагдаж, орчин үеийн хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор, иж бүрэн орон сууцны хороолол баригдаж, ард иргэд маань эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

           Улс орны бүхий л салбарыг хамарсан архитектур, хот байгуулалтын бодлого, зорилтыг зохистой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, архитектур, хот байгуулалтын шилдэг бүтээл туурвин сүндэрлүүлэх гол үндэс нь тогтвортой хууль, эрх зүйн орчин байдаг.  

            Монгол Улсын Их Хурлаас "Барилгын тухай" хуулийг шинэчлэн баталж, "Хот байгуулалтын тухай", "Хотыг дахин хөгжүүлэх тухай" хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлан хуульчилсан нь хот байгуулалтын салбарын хөгжилд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

            Дэлхийн цаг уурын дулаарлыг хазаарлан зогсоох, тогтвортой, ногоон архитектурыг хөгжүүлэх, ухаалаг хот сууриныг байгуулах зэрэг олон улсад өрнөж буй орчин үеийн архитектур, хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагад нийцсэн харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-аас цаашид ч анхаарч ажиллах болно.

      Архитектор, зураг төсөл зохиогч Та бүхэнд ажлын ололт амжилт, туршлагаа бататган, дэлхийн архитектурын өвд бүртгэгдэх Монгол үндэсний онцлогийг хадгалсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн архитектурын бүтээл олноор туурвихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.   

Сайн үйлс дэлгэрэх болтугай.    

 

                               МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                              
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот