М.Энхболд: Аялал жуулчлал тэргүүлэх чиглэл байх болно.

2016/10/24 14:51 1456
Нэгэн үе Монгол Улсын хөгжлийг уул уурхайн салбар тодорхойлдог байсан бол одоо энэ бүтцэд өөрчлөлт орж, аялал жуулчлал гол тулгуур багана болон хөгжих нь ээ.

Улаанбаатар хотноо аравдугаар сарын 13-14-нд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” олон улсын чуулган болж өндөрлөсөн. Энэхүү чуулганд УИХ-ын дарга М.Энхболд оролцох үеэрээ гадаадын хөрөнгө оруулагч нарт нэгэн шинэ мессеж өглөө.

Тэр нь Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн бодлого нь аялал жуулчлал болохыг зарласан явдал юм.

УИХ-аас баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болж хөгжинө” хэмээн тодорхойлсон. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогыг баримтлах болно хэмээн УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох байгууллагаас энэ чиглэлийн бодлого шийдвэр түлхүү гарах болж буйн баталгаа болов.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс уур уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн өсөлтөө хангах гэж оролдсон. Гэвч байгаль орчин ихээр сүйдэж, эргээд гаргах зардал өндөр тусах зэрэг хүндрэл дагуулах болсон. Мөн дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ ханш унасан нь эргээд эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгасан. Иймээс түүх, соёл, байгалийн нөөцдөө түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх нь илүү байгаль экологид ээлтэй, эдийн засгаа төрөлжүүлсэн, мөн малчдын хувьд ч таатай мэдээлэл болж буусан нь дамжиггүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг нүүдлийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ 2020 онд Монголыг зорин ирэх жуулчны тоог 1 саяд хүргэх зорилт тавьжээ. Өнгөрсөн онд Монгол Улсад ирсэн жуулчны тоо 400 мянгад хүрсэн байна.

Улс орнууд аялал жуулчлалаар дамжуулж, асар их валют олдог. Эл арга туршлагыг Монголын хөрсөнд буулгахын тулд салбарын яамнаас  хэд, хэдэн чиглэлийн ажил хийхээр төлөвлөжээ. Үүнд нүүдлийн түүх, соёл уламжлал зан заншлаа сурталчлан таниулах бүхий л цогц арга хэмжээг авахаас гадна Казино байгуулах, морин бооцоот уралдааны тухай хуулиудыг батлуулахаар ажиллаж байгаа аж.

Казино байгуулах тухай хуулийн төслийг өмнөх УИХ-аар хэлэлцэж байсан ч баталж чадаагүй. Уг хуулийн төсөлд казинод зөвхөн гадаадын иргэн тоглох боломжтой байхаар тусгасан байсан юм. Казино байгуулсан нөхцөлд улсын төсөвт жилдээ 74-135 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо бий.

Жуулчдыг татахад дэд бүтэц хөгжсөн байх ёстой. Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсон нөхцөлд жилдээ 3.5 сая жуулчин хүлээн авах боломж нөхцөлөөр хангагдах аж.

Гуравдугаарт хэрэгжүүлэх арга хэмжээ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх. Төвийн бүсэд, байгаль,түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулах бол Улаанбаатарын бүсэд, хурал, зөвлөгөөн, бизнес, спорт, соёл, урлаг, түүх, музей, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгажээ. Баруун бүсэд, түүх, соёл, тусгай сонирхол, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж, олон үндэстэн, ястны соёлыг илтгэсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах бол зүүн бүсэд, байгаль, түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр, говийн бүсэд, байгаль, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах төлөвлөгөө гаргасан байна.

Эрдэмтдийн судалгаагаар, манай орны аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн нь нүүдлийн аялал жуулчлал, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчооны түүхтэй холбоотой аяллууд, тусгай сонирхлын аялал жуулчлал байх тул цаашид энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзжээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Аялал жуулчлалын салбарын хөгжил нь бидэнд түүхэн өв уламжлал, ёс заншлаа хадгалан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон улс орнуудад сурталчлан таниулах гол түлхүүр болно” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чадсанаар уул уурхайн хараат байдлаас гарч чадах төдийгүй өв соёлоо үр хойчдоо өвлүүлэх, улс орнуудад сурталчлан таниулж, чадахаас гадна эдийн засгийнхаа өсөлтийг хангах боломжтой болох юм.

Өнгөрсөн оны байдлаар, аялал жуулчлалын салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж, жуулчдын тоо 400 мянгад хүрсэн юм. Ази, Номхон далайн болон Европын орнуудаас ирсэн жуулчид тэдгээрийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Харин аялал жуулчлалын салбарт 613 тур оператор компани, 349 жуулчны бааз, Шангрила, Рамада, Бест Вестерн, Кемпински, Холлидэй Инн зэрэг олон улсын сүлжээний болон дотоодын хөрөнгө оруулалттай 468 зочид буудлууд үйл ажиллагаа явуулж, ойролцоогоор 50 мянга гаруй ажлын байрыг бий болгожээ.

Монгол Улс нүүдлийн соёл аялал жуулчлалын төв болон хөгжиж чадсан нөхцөлд 50 мянгаар тогтохгүй ажлын байр шинээр бий болж, аялал жуулчлалын салбараас асар их валют олж, хөгжлийнхөө хурдыг түргэтгэх бүрэн боломж байгаа юм.

Г.ХОРОЛ