УИХ-ын дарга М.Энхболд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын ОУ-ын анхдугаар бага хуралд оролцов.

2016/10/13 11:35 1111

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.13/ “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцов.

Уг хурлын нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрлэгддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар болж байгаа билээ. Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ. Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна. Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдлын үүрэг хариуцлага ирдэг. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогыг баримталж ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэв.

Энэхүү хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн гишүүн орны сайд нар, аялал жуулчлалын байгууллага зэрэг 33 орны 350 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 400 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3.2 хувь, нийт экспортын 3.6 хувийн тус тус эзэлдэг байна. Аялал жуулчлалын салбараас 50 мянга гаруй ажлын байрыг бий болгосон нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 4.5 хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 140 орноос 99 дүгээр, Ази Номхон далайн 25 орноос 19 дүгээр байранд тус тус эрэмлэгддэг байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлж, 2020 он гэхэд Монголд ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэн, ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 90 дүгээр байранд хүргэх тодорхой зорилтуудыг тавьсан.

Түүнчлэн Дэлхийн аялал жуулчлалын байгуулага, түүний дэргэдэх судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид эртний худалдааны зам болох Торгоны замыг аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр “Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийг эхлүүлэхээр болсон байна. Иймд Монгол Улс энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдэж, Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бусад улс орнуудтай хамтран бий болгосноор жуулчдын урсгалыг эх орондоо татаж, дотоодын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар тогтвортой, ногоон хөгжлийг бий болгох бүрэн боломжтой болно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.