УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.

2016/10/05 16:19 1046

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна. Тэрбээр дагалдан яваа Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсийн хамтаар Архангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, ээлжит бус чуулганаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд архангайчууд зургаадугаар сард болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намд итгэл үзүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарыг төрд төлөөллөө болгон илгээсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрбээр үргэжлүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, төр засгаас шийдвэр гарган ажиллах болно гэв. Мөн орон нутгийг дэмжих бодлогыг тусгайлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлснээр ажилгүйдэл буурч, иргэд орлоготой болохын хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам бол 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг бууруулж 1.0 хувь болгох хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа талаар Улсын Их Хурлын дарга архангайчуудад дуулгасан юм. Түүнчлэн Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн туссан байгааг танилцуулав.

Иргэд, хөдөлмөрчид Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултаа асуун, хариулт авсан юм. Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн, бензин, түлшний үнийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог компаниуд үнэ өсгөх асуудлыг тавьж байгаа ч салбарын яам, Засгийн газар эдийн засгийн хүнд үед бензин, шатахууны үнийг нэмж болохгүй, тиймээс татварын аргаар асуудлыг зохицуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс ойрын үед бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг архангайчуудад дуулгав. Цаашдаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж, ажиллаж байгааг танилцуулсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл өгч, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр, цалингийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийж буй судалгаа болон “Насны хишиг” тэтгэмж, хүүхдийн мөнгөний талаар төрөөс хийж буй зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд салбарын хэмжээнд хийсэн ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлов. Мөн орон нутгаас хүнд өвчтөнүүдийг нисдэг тэргээр зөөвөрлөх асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамтай ярилцан тохирч, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж байгаа гэв.

Улаанбаатар хотод улирлаар ажил эрхэлдэг хүмүүсийн цалин хөлсийг өгдөггүй талаар иргэдээс ирүүлсэн асуултад Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хариулт өгөв. Тэрбээр энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо болон холбогдох байгууллагуудтай ярилцаж, өргөн хүрээнд шийдвэрлэх болно гэв.

Түүнчлэн иргэд махны экспортын асуудлыг хөндөж байсан бөгөөд БНХАУ болон ОХУ руу мах экспортлох сонирхолтой байгаа хэдий ч тодорхой шалтгааны улмаас ердөө БНХАУ руу адууны мах экспортлох боломж бүрдсэн байна. Цаашдаа улс хоорондын яриа хэлэлцээрийн үеэр энэ асуудлыг бодит ажил хэрэг болгох боломж бүрдэнэ хэмээн найдаж байна. Түүнчлэн Архангай аймаг нь бүсийн хэмжээнд газар зүйн байрлалаар онцлогтой тул БНХАУ-тай хийж буй яриа хэлэлцээрийн хүрээнд байгуулагдах мах боловсруулах үйлдвэрийг Архангай аймагт байгуулах асуудлыг холбогдох яамтай ярилцаж шийдвэрлэхийн төлөө ажиллахаа Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр иргэдийн асуултын дагуу С вирусын эмчилгээний Харвони эмийн талаар, уг эмчилгээг Архангай аймгаас эхлүүлэх болж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэр дундаа Архангай аймгийн хувьд малын гаралтай брэнд бүтээгдэхүүнтэй болж, дотоодын зах зээлд нийлүүлэх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих хэмжээний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, сүүлийн хэдэн жил байнга яригдаж байсан ч ажил хэрэг болдоггүй аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн, аймгийн нийгэм, эдийн засгийн амьдралд үр нөлөө үзүүлэх түвшинд хүргэх талаар судалж, ажил хэрэг болгохоор ажиллахаа дуулгав. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мах, сүүний аяны талаар танилцуулав. Сүүлийн жилүүдэд малчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулахгүй байгаа талаар холбогдох яамны судалгаа мэдээллээс харах боломжтой. Иймд сүү боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлаар гадны улс орнуудаас туршлага судалж байгаагаа хэлсэн юм. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүн эрүүл мэндийн шаардлага хангах, цаашлаад импортлогч орнуудын зах зээлийн жишгийг нэвтрүүлэх шаардлагатай. Үүний тулд ард иргэд, бодлого боловсруулагчид нэгэн сэтгэлээр хамтдаа ажиллах ёстойг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хэлж байлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, гурван сарын хугацаанд Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Боловсролын зээлийн сан байгуулагдаж байгаа бөгөөд нийт оюутнуудын 60 хувьд нэг сая төгрөгийн зээл олгох бололцоо бүрдэж байгааг тэрбээр архангайчуудад дуулгасан. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувьд бэлнээр олгож, үлдсэн 40 хувьд нөхөж олгох шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөний дагуу эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 2016 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх боломжгүй байгаа. Эдийн засаг сэргэх үед үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж. Мөн ипотекийн зээл, “Насны хишиг” тэтгэмж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдөр үргэлжилсэн Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт ийнхүү өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.