Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.01/ манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшанийг их жанжин Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүндэт зочныг угтан мэндчилсний дараа хамтдаа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэт зочин Лю Юньшан дараа нь “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан нар Төрийн ордны хуралдааны “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хүндэт зочин Лю Юньшантай Улаанбаатар хотод дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хүндэт зочин болон дагалдан яваа төлөөлөгчид, олон жилийн найрсаг харилцаатай хятадын ард түмэнд БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн хүндэт зочны энэ удаагийн айлчлал нь сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэхэд үр дүнтэй чухал алхам болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ. Энэ зун болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол ардын нам УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авч Засгийн газраа байгуулан Засгийн газрын 2016-2020 он хүртэлх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад байгааг УИХ-ын дарга хэллээ.
Хүндэт зочин Лю Юньшан хятадын үндэсний баярын өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хуучин танилтайгаа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын Дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын мэндчилгээг УИХ-ын даргад уламжлав.
Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр орны өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжиж байгаад талууд баяртай байгаагаа онцлоод энэхүү уулзалтын давтамжийг хадгалах, хоёр орны хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх зарчмын үндсэн дээр улам баяжуулан бүх шатанд өргөжүүлэхийн төлөө санал нэгттэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хууль тогтоох байгууллагын гишүүд, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-ын хоорондын хамтын ажиллагааны анхны томоохон уулзалт өнгөрсөн онд Улаанбаатар хотод болж байнгын механимз бий болгосон, мөн Монголд болсон Ази, Европын парламентын түншлэлийн чуулга уулзалтад БХАТИХ-аас Байнгын хорооны дэд даргаар ахлуулсан төлөөлөгчдөө оролцуулсанд баяртай байгаагаа дурдлаа.
Тэрбээр Монгол Улс эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ үед уламжлалт харилцаатай БНХАУ-тай хамтран ажиллах шаардлага тулгарч буйг онцлоод Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг УИХ дэмжих болно гэлээ. Мөн эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлж харилцан ашигтай хамтран ажиллах, өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсронгуй болгож хөдөлгөх арга замыг эрэлхийлэхийн төлөө байгаагаа дурдав. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед урт хугацаатай хөнгөлөлттэй зээл тусламж авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хятадын талд тавилаа.
Хүндэт зочин Лю Юньшан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаархи УИХ-ын даргын санал, байр суурьтай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд дэлхийн эдийн засгийн сэргэлт аажим алгуур байгаа өнөө үед хоёр тал хөгжлийн стратегиэ уялдуулан давуу талуудаа ашиглах замаар үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай байгаа, тийм боломж нөхцөл ч хоёр талд байгааг онцлов. Энэ үүднээс хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах талаар Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах нь чухал хэмээн үзэж байгаагаа хэллээ. Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай туслалцаа үзүүлэх, тодорхой зохицуулалт хийх боломжтойг дуулгав. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хоорондын хамтын ажиллагааны механизмын хоёр дахь уулзалтыг энэ жил Бээжин хотноо зохион байгууулахаар төлөвлөж байгааг УИХ-ын даргад дуулгаад энэ уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг хүслээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Батзориг, Д.Сумъяабазар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хүндэт зочныг дагалдан яваа албан ёсны төлөөлөгчид, албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.