УИХ-ын дарга М.Энхболд Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие-г хүлээн авч уулзлаа.

2016/09/19 16:35 1485

УИХ-ын дарга М.Энхболд манай оронд айлчилж буй Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие-г хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Франсуа Пие-г Монгол Улсад дахин зочилж буйд нь баяртай байгаагаа илэрхийлээд Монгол оронд тавтай морилохыг хүсэв.
Тэрбээр Монгол Улс Франц Улсыг өөрийн гуравдагч хөрш, Европ дахь итгэлт андаа хэмээн үздэгийг үгийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүн орны нэг, Европын холбоог үндэслэгчдийн нэг Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн, тогтвортой хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтуудын нэг юм” хэмээн онцлов.

        УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэхэд Францын Сенатын зүгээс дэмжлэг үзүүлж ирсэнд болон хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг хооронд харилцан айлчлал тогтмолжиж, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

        Ноён Франсуа Пие УИХ-ын дарга М.Энхболдод Франц Улсын Сенатын ерөнхийлөгч Жерар Ларшегийн мэндчилгээг уламжлаад, 

        -Миний хувьд хоёр орны хамтын ажиллагааг гурван зүйлээр тодотгохыг хүсч байна.

Нэгдүгээрт, манай хоёр орон ардчиллын зарчим, үнэт зүйлийг адилхан эрхэмлэдэг орнууд. Монгол Улс цаазын ялгүй орон болсон нь үүний нэг баталгаа. Танай орныг “ардчиллын баян бүрд”-тэй зүйрлэсэн Жон Керригийн үгийг би бас хуваалцмаар байна.         

Түүнчлэн Монголын парламент дахь Монгол-Францын бүлгийн даргын албыг өмнө нь ажиллаж байсан Л.Болд гишүүн үргэлжлүүлэх болсонд баяртай байна.

Хоёрдугаарт, Хоёр орны хамтын ажиллагаа дээд түвшинд болон парламент хооронд, түүнчлэн иргэд хооронд ч амжилттай хөгжиж байгааг тэмдэглэе.

Гуравдугаарт, Уламжлалт эдийн засгийн харилцаанд ихээхэн боломж бий. Саяхан манай Сенатаар Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг баталсан. Дэлхийн тэргүүлэх компаниудын нэг “Арева” байгаль орчинд нэн ээлтэй технологоор Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь манай хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч буйн илрэл юм. Түүнчлэн Монгол Улсын хиймэл дагуулын хөтөлбөрт Францын “Талес” компанийг оролцуулахаар манай Засгийн газар шийдвэрлээд байгаа гэв.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид эрчимжихэд УИХ дэмжлэг үзүүлнэ. Хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг уламжлалт харилцаатай салбаруудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монголын бараа бүтээгдэхүүнийг Франц Улсад сурталчлан таниулах, хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ хамтран зохион байгуулах, соёлын яриа хэлэлцээний механизм байгуулж, соёлын өвийг хамгаалах, археологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлснийг ноён Франсуа Пие бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.