Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 21 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг /2016.09.10/ тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд , Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Мөн энэ өдрийн өглөөний 09.00 цагт Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор уршгийг таниулах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран “Нүгэлд дасах нүгэл буюу их хядлага” баримтат кино, “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” телевизийн нэвтрүүлэг, улс төрийн хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх “Мартаагүй” дууны клипийг олон нийтэд үзүүлэх аж.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байгаа аж.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.
Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.