Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

2016/09/07 23:31 1244

онгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.09.07/ хүрэлцэн ирлээ.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргад бараалхана.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Канад сангаас хэрэгжүүлж буй төсөлтэй танилцахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.