УИХ-ын дарга М.Энхболд Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ.

2016/08/25 11:42 3299

МЭНДЧИЛГЭЭ

Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой,

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг залгамжлагч

Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд

Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг залгамжлагч Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтэн, идэвхтэн сонгуультан, нийт гишүүд, залуучууд Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монголын залуучуудын байгууллага анх их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, 1200 гаруй салбар нэгжтэй, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болон өргөжиж, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой, хүсэл сонирхлыг илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирснийг энд цохон тэмдэглэхэд таатай байна.

Түүхэн үе бүрт залуучуудын идэвх зүтгэл, санал санаачилга, хүсэл тэмүүлэл нь эх орныхоо хөгжлийн гол хүчин, түшиг тулгуур, тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр нь залуучуудыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин болгон бэлтгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийн төвшинг бууруулах, залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Төр, засгийн зүгээс цаашид ч залуучуудын өөрийнхөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбарт оролцох оролцоог өргөжүүлэх, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой иргэн болж төлөвших, өсвөр үе, залуучууд, ахмад үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах болно.

Залуучуудын асуудал хамааралгүй ганц ч гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгж, яам, орон нутаг гэж байхгүй бөгөөд тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх шатны төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Залуучууд Та бүхний үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм үйлсэд өндөр амжилт хүсье.

Монголын нийт залуучууд Та бүхэн энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн урагшлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

МОНГОЛ УЛСЫН 

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                     Миеэгомбын ЭНХБОЛД

 

Улаанбаатар хот

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр