УИХ-ын дарга М.Энхболд АУТНОУБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чун Юү Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

2016/08/24 19:20 2429
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.24/  Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын /АУТНОУБХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Чун Юү Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
 
Уулзалтын эхэнд АУТНОУБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чүн И Ён, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, 06 дугаар сард болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр, энэ удаа Монгол Улсын АУТНОУБХ-ын гишүүний үйл ажиллагааг бататгаж, санал солилцох зорилгоор ажиллаж байгаагаа Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн АУТНОУБХ-ын Байнгын хорооны 2017 онд болох хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ уламжиллаа. 
​Улсын Их Хурлын дарга, ICAPP буюу АУТНОУБХ нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч олон орны улс төрийн хүчнийг хамруулан, бүс нутгийн хэмжээнд нэр хүндтэй байгууллага болон бэхжиж байгааг онцлоод, цаашид Монгол Улс АУТНОУБХ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой тэмдэглэв. Мөн тэрээр АУТНОУБХ-ын Байнгын хорооны ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг дэмжихээ илэрхийлсэн юм. 
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцсон юм. Уулзалтад АУТНОУБХ-ын Байнгын хорооны гишүүн Пак Ён Сун, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон албаны бусад хүмүүс байлцлаа  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.