-Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд-
Цагдаагийн байгууллагын комиссар, эрхэм генералууд, офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.
Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн гэмт хэргийн гаралт өсч, үйлдлийн арга хэлбэр нарийсаж, илрүүлж, нотлоход саад бэрхшээл багагүй байгаа тул цагдаагийн алба хаагч Та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй байж, орчин үеийн шинэ техник, технологи, арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах нь чухал юм.
Шинээр бүрэлдсэн Улсын Их Хурлаас хууль сахиулах байгууллагууд түүний дотроос цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх болно.
Цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтнууд хуулийг чанд баримталж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол төрийн түшиг болсон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД