Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.

2016/07/20 16:12 3827

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнхамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгасан байна. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайд.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар 13 яамтай ажиллахаар төсөлд тусгасан. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгасан байна.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй юм байна.
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй уялдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын агентлагуудыг тодорхойлжээ. Үүнд:
 
Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргүүдийг нь тус агентлагт шилжүүлэх
 
Хүүхдийн төлөө газрыг-Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулах
 
Гааль, татварын ерөнхий газрыг хуваах замаар өөрчлөн зохион байгуулж, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг сэргээн ажиллуулах
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулах
 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж ажиллуулах, үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, чиг үүргийг нь тус агентлагт шилжүүлэх
 
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг өөрчлөн зохион байгуулж, цаашид Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын дэргэд сэргээн ажиллуулах
 
Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрыг байгуулан ажиллуулах
 
Тахарын албыг татан буулгах
 
Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг боловсруулахдаа төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх асуудалд онцгой анхаарсан хэмээн Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.