УИХ-ын дарга М.Энхболдод БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари бараалхлаа.

2016/07/16 11:06 1301

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.15/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад өндөр ач холбогдол өгч, оролцож буйд талархал илэрхийлэв. Мөн Энэтхэг Улсын Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон нь  Энэтхэг Улсын зүгээс АСЕМ-ын дагалдах бүх хуралд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа онцлон тэмдэглэв.

Тэрээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад баяртай байдаг. Саяхан манай улсад Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болж, Монгол Ардын Нам шинэ Парламент, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах болсон. Бид гадаад бодлогын нэгдмэл байдлыг үргэлжлүүлэн, залгамж чанараа хадгалах болно. Монгол, Энэтхэг хоёр улс мэдээлэл технологи, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Н.Моди 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргасан. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана” гэлээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари Улсын Их Хурлын даргатай уулзаж буйдаа баяртай байна хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Би АСЕМ-ын уулзалтад  тавьсан илтгэлдээ Монгол Улсын ардчилал, сонгуулийн ололт амжилтын талаар дурьдлаа. Ардчиллын гол зарчим шийдвэр гаргах эрх байдаг. Манай хоёр улс адилхан ардчилсан улс. Ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэхэд ардчилал чухал үүрэгтэй. Үүний тулд хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлж, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй" гээд Улсын Их Хурлын дарга ноён М.Энхболдыг тааламжтай цагтаа  Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж буйгаа дуулгасан юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд танай улсад айлчилсан нь хоёр улсын хувьд том үйл явдал байсан. Энэхүү айлчлалын гол үр дүн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хэлэлцээр байсан бөгөөд одоо уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил л үлдсэнийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансарийн урилгад талархал илэрхийлээд БНЭУ-д айлчлахдаа баяртай байх болно гэлээ. Мөн тэрээр хоёр улсын орон нутгийн түвшний харилцааг сэргээх, эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.