Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ.

2016/06/22 13:04 3810

Монгол орны өнцөг булан бүрт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр улс орны өнөөгийн түүхэн дуудлагад яв цав таарч байгаа. Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ.

ТАНЫ ХҮҮХДЭД:

            БИД таны хүүхдийг төрөхөд, цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. “Хүүхдийн мөнгө”, “Оюутны тэтгэлэг”-ийг олгоно. Олимпийн төрлийн спортуудыг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулна. Малчны хүүхдэд 6-8 настайдаа сонголттойгоор сургуульд элсэх боломж олгоно. Оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав ээжээ ачилж, эх орныхоо хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна.

ТАНЫ ГЭР БҮЛД:

            БИД гэр бүлийг дэмжин тэтгэсэн бодлогыг дэвшүүлсэн. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлнэ. Өрх толгойлсон эцэг, эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. Хүн амын өсөлтийг дэмжиж "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхэд төрүүлэн өсгөх  бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Бид хүүхдүүдийг, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг, таны гэр бүлийг бүх талаар дэмжин хамгаалах болно.

ТАНЫГ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХАД:

            БИД өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.  Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно.    

ТАНЫГ АЯ ТУХТАЙ АМЬДРАХАД:

            БИД нийслэл, аймгийн төвүүдийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үе шаттайгаар сайжруулж таныг амар тайван амьдрах боломжийг бүрдүүлнэ. Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина. Төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулахын тулд “Эко хот” хөтөлбөр хэрэгжүүлж, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ. Автомашингүй гудамж байгуулна. Нийслэлд дугуйн замын шинэ дэд бүтцийг байгуулна. Хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотекийн зээлд хамруулна. Ард түмний мэдлийн төрийн өмчит том эмнэлгүүдийг хувьчлахгүй. Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер, дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно. Хуулийг хүн бүрт тэгш үйлчилдэг болгоно. Бидний хэрэгжүүлэх бодлого таныг амар тайван, аюулгүй амьдрахад зориулагдсан.

ТАНЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД:

            БИД таныг улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчныг илүү сайжруулна. Шударга халамжийн системийг тогтооно. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор "ахмад зөвлөх" ажиллуулж, “Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлнэ. Ахмад настанд зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлнэ. Та сэтгэл амгалан амьдарч, үр ач, эх орноороо бахархаж, өндөр насандаа авах ёстой бүхий л хүндлэл, ачлалыг хүртэнэ.

-Таны сонголт Монгол түмний ирээдүйн хувь заяаг шийднэ-