МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байна.

2016/06/15 17:07 3675

Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа билээ. Тэрээр сонгуулийн тойрог болох Төв аймгийн Батсүмбэр суманд өнөөдөр иргэд сонгогчидтойгоо уулзаж, сонгуулийн сурталчилгаа хийлээ.

 

Нэр дэвшигч М.Энхболд хэлсэн үгэндээ “Манай Батсүмбэр сум газар тариалан, мал аж ахуй хосолсон онцлогтой сум. Сүү, сүүн бүтээгдэхүүний эх ундрага гэж хэлж болно. Тиймээс Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ хурдан шуурхай нийлүүлэх шаардлага гардаг байсан бэрхшээлийг Германы сэргээн босголт банкны санхүүжилтээр “Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах, орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбогдож, дээрх бэрхшээлийг тодорхой хэмжээнд шийдсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт газар тариалан, хүнсний аж ахуй эрхлэгчдэд зориулсан тусгай заалтууд багагүй орсон. Туайлбал газар тариалангийн бүс тогтоож, тухайн бүсэд тариалан эрхлэлтийг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлнэ.Хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулна. Тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлэхээр тусгасан.

Мөн малчны зээлийн хүүг бууруулна. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна. “Мах, сүүний анхдугаар аян”- ыг зохион байгуулж нийслэл, хот суурин газрын хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр мах, сүүгээр хангана гэсэн зорилт бол Батсүмэрчүүдэд хамгийн их хамааралтай заалт байна. “Монгол мал” үндэсний хөтөбөрийг эрчимжүүлж, жилд экспортлох махны хэмжээг 50.000 тоннд хүргэж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлнэ. Орон сууцны хөтөлбөрт малчдыг хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ авна гэх мэт олон асуудлууд бүрэн цогцоороо, тооцоо судалгаатайгаа мөрийн хөтөлбөрт туссан. Бид хүн бүхэнд хандсан, оюуны бядтай, ухаалаг судалгаатай, бүтэн бүрэлдэж, бүрэн хэрэгжих боломжтой баримт бичиг боловсруулсан. Манай мөрийн хөтөлбөрийг сайн уншиж судлаарай. Төв сайхан нутгийнхөө төлөө хүү нь зүтгэнэ” хэмээн хэллээ.

Тус сумын уулзалтанд оролцсон иргэд, сонгочид “М.Энхболд дарга бол бидний итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй, хойшид ч алдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Маш их ажил хийсэн хүн, хамгийн ойрын жишээ гэхэд биднийг сайхан зам, харгуйтай болгосон, Улаанбаатар хот сүнгэнээд л орчихдог болсон доо, тийм л буянтай хүн шүү. Манай М.Энхболд дарга бол том намын том дарга, Ж.Самбуу гуайн дараа манай нутгаас төрсөн удирдагч. Тиймээс энэ хүнд маш их ажил байгаа, олон газраар очиж, уулзалт хийх ёстой, таныг бид сурталчилгаа хийсэн хийгээгүй бидний төлөө хийсэн ажлаар чинь төлөөлүүлэн бүгд дэмжих болно” хэмээн Батсүмбэрчүүд тойргийн түшээгээ үнэлж, дүгнэж байна.