Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнгөрсөн амралтын өдөр Ардын хувьсгал, амуу тарианы өлгий нутаг Сэлэнгэ аймагт ажиллав. Уузалт Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгонд боллоо. МАН-ын дарга М.Энхболдыг Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, аймгийн засаг дарга Бүрэнбат болон иргэд сонгогчид Монгол улсын гавьяат механикжуулагч, Хөдөлмөрийн баатар тариаланчид хуран цугласан байв.
МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлд үндэслэн эдийн засгаа олон тулгууртай болгоно. Газар тариаланийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2006 онд манай Засгийн газар улаанбуудайг стратегийн бүтээгдэхүүнд хамруулж, гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд нь 60 мянган төгрөгийн урамшуулал анх олгож эхэлсэн. Манай нам “Атрын аян”-г үргэлжлүүлэн, газар тариалангийн үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлнэ. Хүн амын хэрэгцээг шим тэжээлтэй, аюулгүй хүнсээр бүрэн хангана. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ. Тариалан эрхлэлтийг эрчимжсэн мал аж ахуйтай зөв хослуулан хөгжүүлэх арга хэмжээ авна” гэлээ. Уулзалтын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуай үгэндээ “Монгол Ардын Нам бол ядаж л ичих булчирхайтай нам, ялалт байгуулаад олонх болвол атрын аянаа үргэлжлүүлэн, газар тариалангийн бодлогоо зөв авч явж чадна” гэсэн бол “Гацуурт” компанийн захирал, гавьяат механикжуулагч Л.Чинбат “Би 50 наслахдаа улс орныхоо эдийн засгийг ингэж доройтуулсан, хуурсан төр засагтай байсан үеийг үзээгүй. Тариаланчид нам харгалзахгүй МАН-ыг энэ удаагийн сонгуульд дэмжинэ” гэлээ.