Нэр дэвшигчдэд батламжийг МАН-ын дарга М.Энхболд гардууллаа

2016/06/08 13:59 3071

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд МАН-ын дарга М.Энхболд батламжийг нь өнөөдөр гардуулж өглөө. Батламж гардуулах үйл ажиллагааг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилийн төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байгааг онцолсон.  МАН-д улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын түүчээ болох түүхэн үүрэг оногдож буйг ч хэллээ.  Монгол Ардын намаас энэ удаагийн сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа 36 хүн байгаа аж. МАН-ын дарга М.Энхболд "Энэ удаагийн сонгуульд манай намд алдах эрх байхгүй. Ялалтын төлөө хамтдаа зүтгэе. Бидний ялалт ард түмний ялалт байх болно" гэсэн юм. Хамгийн эхний батламжийг Төв аймагт нэр дэвшигч М.Энхболдод УИХ-ын гишүүн гишүүн, МАН-ын хамгийн ахмад настай гишүүн болох Д.Дэмбэрэл гардуулж өглөө. Үүний дараа нэрсийн жагсаалтын дагуу УИХ-ын сонгуульд оролцогчдод батламжийг нь гардуулж, намтрыг нь видеогоор танхимд суусан иргэдэд танилцуулсан.  Уг үйл ажиллагааны хаалтын үгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Тэрбээр МАН нэр дэвшигчдээ боловсон хүчний нарийн шүүлтүүрээр гаргаж ирснээ дурдсан. Цааш нь хэлэхдээ "Ард түмний амны салхи,  сэтгэлийн луужин алтан гадас од шиг Ардын намыг зааж байна. Тиймээс Ардын намтай ард түмэн ялахын ерөөл тавьж байна" гэлээ. Нэр дэвшигчид "Халуун элгэн нутаг" дуу дуулж,  дурсгалын зураг татуулснаар батламж гардуулах үйл ажиллагаа өндөрлөлөө.

Э.Мөнөө