Орон нутгийн хамгийн том театр Төв аймагт баригдаж байна.

2016/05/23 09:58 2907

-800 хүний суудалтай "Монгол туургатан" хөгжимт драмын театрын барилга энэ онд багтаж дуусна-

Алдарт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн театраас  таван Ардын уран зохиолч төрөн гарсан байдаг. Монгол улсын түүхэнд арван Ардын уран зохиолч төрснөөс тав нь  Төв аймгийн театрынх гээд бодохоор хэр чансаатай нь харагдах биз хэмээн "Монгол туургатан" хөгжимт драмын театрын захирал Д.Баасанжаргал ярьсан нь бий. Мөн тус театраас Зууны манлай хослон дуулаач, Зууны манлай поп дуучин, Зууны манлай дуурийн дуучин, гавьяат жүжигчин гээд олон алдартан төржээ. Анх 1962 онд ашиглалтанд орж байсан Төв аймгийн театр олон алдартныг төрүүлсэн ч 1996 онд ашиглахыг хориглосон дүгнэлт гарчээ. Тиймээс Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд "Монгол туургатан" хөгжимт драмын театрын уламжлалыг хадгалахын тулд шаргуу хөөцөлдсний эцэст 2014 онд шинэ театр бариулахаар хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж чадсан байна. Хоёр жилийн өмнө эхэлсэн барилгын ажлын явц одоогоор 80 хувьтай байгаа бөгөөд энэ жилдээ багтан ашиглалтад орох аж. 800 хүний суудалтай эргэдэг тайз бүхий шинэ барилга ашиглалтад орсноор орон нутагт баригдсан анхны хамгийн том бөгөөд жишиг театр болох юм байна. "Монгол туургатан" хөгжимт драмын театр жилдээ давхардсан тоогоор 25-35 тоглолт найруулан тавьдаг гэнэ. Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Майдар ситиг холбосон Төв аймагт энэхүү театр ашиглалтад орсноор гадаад дотоодын жуулчдын урсгалыг татах, орон нутгийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх томоохон боломж нээгдэж байна хэмээн УИХ-ын гишүүний тайлан уулзалтын үеэр нутгийн иргэд ам сайтай ярьж байна. 

 Б.Сод