Шведийн Вант Улс, Швейцарын Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016/04/22 13:49 2085

УИХ-ын дэд дарга Миеэгомын Энхболд өнөөдөр төрийн ордонд Шведийн Вант Улс, Швейцарын Холбооны Улсын парламентийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. 

Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтанд оролцож буй Шведийн Вант Улс, Швейцарын холбооны улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, амжилт хүслээ. Парламент хоорондын хамтын ажиллагаа хоёр талын харилцаанд чухал үүрэгтэй болохыг онцоллоо. 

Шведийн Вант улсад дөрвөн мянга орчим Монгол иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд иргэдийн нийгмийн халамжийн асуудлыг зохицуулах талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналаа илэрхийллээ. 

DSC_9862

Хоёр талын харилцааг соёлын салбарт хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандиновын орнуудад гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Шведийн Вант Улсын төлөөлөгч, парламентийн гишүүн Ол Торел хэлэхдээ би Социол Демократ намын гишүүн, 2006 оноос хойш өнөөг хүртэл парламентад вестманланд тойргоос сонгогдож байна. Манай хоёр орны хувьд ижил төстэй зүйл олон бий. Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Таны хэлсэн Монгол иргэдийн нйигмийн халамжийн асуудлыг уламжлах болно. Монголын ЭСЯ соёл урлагийн арга хэмжээ маш сайн зохион байгуулдаг гэлээ.

Швейцарын Холбооны Улсын парламентын гишүүн хатагтай, Кати Риклиний тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан Монгол Улсад үзүүлж буй тусламж нь манай улсын эдийн засаг, нийгэм ялангуяа иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж байдаг. Энэ хүрээнд УИХ-ын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь", "Хууль тогтоох үйл ажиллагааг иргэдийн оролцоотой дэмжих нь" зэрэг төслүүд нь манай улсын эрх зүйн шинэчлэлд тус нэмэр болж байна. 

Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг Швейцар улсад өндөр хөгжсөн салбарт урт хугацаанд харилцан үр ашигтай хамтран ажиллах сонирхолтой байна. Ингэхдээ Швейцарын технологи, хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах саналаа илэрхийлсэн. Мөн Швейцарын импортыг дэмжих хөтөлбөр (SIPPO)-т Монгол улс хамрагдах сонирхолтойг илэрхийлэн дэмжлэг хүслээ.

Швейцарын Холбооны Улсын парламентын гишүүд Монгол оронд анх удаагаа айлчлаж буйгаа илэрхийлээд чухал арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байна гэлээ. Швейцарын Холбооны Улсын парламентийн гишүүн Кати Риклиний Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаад бид баяртай байна. Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа улам хөгжүүлэх болно гэлээ. Мөн УИХ-ын дэд дарга таны хэлсэн санал, хүсэлтүүдийг уламжлан хүргэхээ илэрхийллээ. 

Ж.Жаргал