УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулав

2016/04/21 18:45 1500

Өнөөдрийн /2016.04.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд даргалан явууллаа.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Батлан хамгаалах тухай  /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтаар чуулганы үдээс хойших хуралдаан эхлэв.

Уг хуулийн  төсөл болон түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж улмаар дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Зэвсэгт хүчний тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Тэгэхдээ, Зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, , Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй, хуулийн давхардал, хийдэлгүй болгох, батлан хамгаалах салбарын багц хуулиудын хоорондын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангах зэрэг үндсэн чиглэлийг баримтлахаар төсөлд тусгасан байна.

 

Уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар тус тус танилцуулав.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийг тодорхой зааж, хугацаат болон цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албатай холбогдох харилцааг нарийвчлан тогтоосон бөгөөд нэн шаардлагатай нарийн мэргэжил бүхий хүмүүсийг цэргийн гэрээт албанд элсүүлэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлжээ.

Төсөлд, тухайлбал,Цэргийн сургуулийн сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох, “Оюутан-цэрэг”-тэй холбоотой эрх зүйн үндэслэлийг бий болгосон байна.

Түүнээс гадна тайван цагт иргэнийг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх, тухайн жилд тур чөлөөлөх үндэслэлийг тодорхой зааж, цэргийн жинхэнэ албан хаагчийн алба хаах болзол, албан тушаалыг түр хавсран гүйцэтгэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас чөлөөлөх, бууруулан томилох, халах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсны дараа Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр илтгэлээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалттай холбогдох харилцааг зохицуулахад чиглэсэн  бөгөөд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчмыг шинээр тогтоож, хуулийн үйлчлэх хүрээг албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарахаар тусгаж, цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох нөхцлүүдийг шинээр тодорхойлсны зэрэгцээ цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цалин хөлс, шагнал урамшуулал зэрэг зохицуулалтууд орсон байна.

 

Хуулийн үйлчлэх хүрээ, хамрагдах байгууллага, нийгмийн асуудлыг хэрхэн баталгаажуулсан болон санхүүгийн ямар үр дагаврыг дагуулах талаарх гишүүний асуултад хариулт өглөө. Гишүүдээс төсөлтэй холбоотой санал гаргаагүй учир дэмжих эсэх талаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын ХМОНХ хэлтэс.