Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Данийн Парламентын бүлгийн дарга Миеэгомбын Энхболд Данийн Вант Улсын Парламентын гишүүн Трин Брасен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Данийн Вант Улсын Парламентын гишүүн Трин Брасенд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Данийн Вант Улсаас ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү уулзалтаар хоёр орны парламентын түншлэл шинэ шатанд гарах сайхан боломж тохионо гэдэгт итгэлтэй байна гэв.
Мөн тэрээр, Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байна. Үүний нэг тод илрэл нь парламентын түншлэл юм. Хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа сайн байж, эрх зүйн орчныг сайн бүрдүүлж чадвал худалдаа, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бусад олон салбарын харилцаа тэр хирээр амжилттай болно. Монгол Улсын Их Хурлын номын санг техник, төхөөрөмжөөр тоноглох, ажилтнуудыг сургаж дадлагажуулах төслийг анх “ДАНИДА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн нь парламентын мэдээллийн системийн эх суурийг тавьсан гэдгийг дурдав.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Данийн Парламентын бүлгийн дарга М.Энхболд цааш үргэлжлүүлэн Данийн сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхины эрчим хүчний дэвшилтэт технологийг Монгол нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Данийн Вант Улсын Парламентын гишүүн Трин Брасен Улсын Их Хурлын дэд даргад хариу талархал илэрхийлээд Монгол Улсад анх удаагаа ирж байгаагаа дуулгалаа. Хатагтай Трин Брасен Дани, Монгол хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн орнууд. Цаашид ч сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар өөрийн улсын парламентдаа танилцуулна. Манай хоёр улс 1920-иод оны үед газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай учраас олон сайхан боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн манай улсад айлчилвал туршлага судлах зүйл их байгаа гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Данийн Парламентын бүлгийн дарга М.Энхболд хоёр талын харилцааг соёлын салбарт хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандинавын орнуудад гаргахаар төлөвлөж байгаагаа дуулгаад энэ тал дээр Данийн Вант Улсын зүгээс дэмжлэг үзүүлэх байх гэдэгт итгэж байна. Мөн Монгол Улсын Их Хуралд парламентын гишүүдээс бүрдсэн Монголын парламентын бүлэг байдаг бөгөөд Монгол-Данийн Парламентын бүлгийн даргаар миний бие ажилладаг. Танай улсын парламентад ийм зохион байгуулалт байдаг бол хоёр улсын хооронд шинэлэг ажлуудыг эхлүүлэх боломжтой гэж хэллээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын ХМОНХ хэлтэс