Эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ

2016/02/01 10:44 3263

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулсан онол практикийн хурал Төрийн ордны Б танхимд амжилттай боллоо. Энэхүү онол практикийн хуралд  Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг олон талаас нь судалдаг эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хурлын үйл ажиллагааг нээж, Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "Жанжин Сүхбаатар бол 1893 онд төрсөн. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал болж байхад идэр залуухан байсан. Тэрээр Ардын нам, Ардын засгийг үндэслэгчдийн нэг, Монгол Ардын Намын анхны мөрийн хөтөлбөрийг батлалцаж, Хиагтыг чөлөөлж, Ардын хувьсгалын анхны ялалтыг биечлэн удирдаж, насан эцэслэх хүртлээ өөрийн мэргэн оюун бодлоо төр, нийгмийнхээ төлөө зориулж, хувьсгалыг оройлон манлайлаж явсан, одоогийн тусгаар тогтносон Монгол Улс байгуулах үндсийг тавьсан түүхэн гавъяатан мөн” хэмээн онцоллоо.

 Хуралдаанд оролцож байгаа эрдэмтэд Сүхбаатарын талбайг хуучин нэрээр нь нэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэн үүргийг улс төрийн зорилгоор бүдгэрүүлэхээр оролдож байгаад эрдэмтэн, судлаачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.Тиймээс Д.Сүхбаатарын талаар ирээдүй хойч үедээ үнэн бодит мэдээлэл өгч, түүний Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн зүтгэл, оруулсан гавъяаг нь бодитоор үнэлэхэд энэхүү онол практикийн хурал чухал ач холбогдолтой юм. Энэхүү хуралд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Монголын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг", профессор О.Сүхбаатар "Д.Сүхбаатар ба Монгол дахь гамингийн цэргийн төгсгөл", доктор Н.Хишигт "Монгол Оросын харилцааны түүхэн дэх Д.Сүхбаатар" ,УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар "Д.Сүхбаатар ба Ардын засаг" сэдэвт илтгэлүүдийг тус тус тавилаа.  Түүнчлэн Хиагт дахь Сүхбаатарын музейн эрхлэгч Лилия Борисовна их жанжинтай холбоотой түүхэн баримтуудын талаар сонирхолтой танилцуулга хийлээ.