МАН-ын даргын дэргэдэх зөвлөхүүдийн танхим /өчигдөр/ хуралдаж байна. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс тавьсан албан тоотын дагуу зөвлөхүүдийн танхимын гишүүдийн саналыг сонсох нь чухал. Гэхдээ эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш ч намын дарга, Удирдах зөвлөлд бий болсон нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгдөг.
Яагаад гэвэл, нэгэн үед манай намыг, улс орныг удирдаж явсан, Үндэсний аюулгүй байдлын гишүүн байсан хүндтэй хүмүүсээр бүрддэг учраас зайлшгүй саналыг нь сонсох ёстой гэдгээр энэ хурлыг хийж байгаа юм. Манай намын хувьд 28-ны баасан гарагт Бага хурлаа хуралдуулахаар зарласан.
Бага хурлаар Ерөнхий сайдын ирүүлсэн бичгийн эцсийн шийд, хариу гарна. Өнөөдөр /өчигдөр/ ямар нэгэн тодорхой хариу, байр суурь илэрхийлэх боломж байхгүй. Манай намын дүрэмд ингэж заасан. Тэгэхээр дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явагдана.
Бид бодитой нөхцөл байдлыг мэдэх, мэдрэх үүднээс улс орны эдийн засгийн өнөөгийн үнэлэлт, дүгнэлтийг гаргахаар тодорхой хүнийг ажиллуулж байна.
Ер нь нийгэмд иргэд, олон түмэн ямар бодол, санаатай байгаа вэ гэдгийг мэдрэхийн тулд тодорхой судалгааны ажлыг хөдөө орон нутаг, нийслэлд энэ сарын 24-нөөс явуулсан.
Намын анхан болон дунд шатны байгууллагуудын бодол, санал ямар байна вэ гэдгийг сонсох зорилготойгоор тодорхой чиглэл өгөөд ойрын өдрүүдэд нөхцөл байдлын талаар бүх мэдээллийг цуглуулж, тав дахь өдөр эцсийн шийдвэр гарна.
“Аль, аль талыг нь харж, үзэх хэрэгтэй. Ер нь эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх ёстой. Мөн өнгөрсөн хоёр жилийн үйл явдлыг бодох нь чухал” гэдэг саналыг хэлж байна.
Намын Бага хурлаар эцсийн шийдвэр гарах учраас намын дарга ямар нэгэн байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Бага хурлаар эцсийн шийдвэр гарна.
Info.mn