Цаг үеийн асуудлуудаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой сэтгүүлчид ярилцлаа.
-Бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр тантай уулзаж байгаа учраас улс төрөөсөө өмнө төрийн бус байгууллагын ажлыг нь эхэлж яривал сонин болов уу? Морин спорт уяачдын холбоог та тэргүүлээд олон жил болчихлоо?
-Намар болж, өвөлдөө бэлдэх цаг боллоо. Энэ үед өнгөрсөн зуны баяр наадмын талаар ярилцлагаа эхэлж байгаа нь ч сайхан санагдаж байна. Наадмаар төрсөн сэтгэгдлээ хүмүүс бүтэн жилийн турш ярьж хөөрдөг дөө. ММСУХ-ны 20 жилийн ой энэ жил тохиож байна. 1995 оны нэгдүгээр сард моринд дуртай таван хүн малчны өвлийн отрын гэрт сууж байгаад Монголын хурдан морины уралдааныг сонирхдог хүмүүсийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага бий болгохоор анх шийдэж байсан түүхтэй. Тод манлай уяач Даваахүү, гавъяат сэтгүүлч Баярмагнай, алдарт уяач Баттөмөр, Э.Ганбат, Пунцагбалжир агсан нарын үүсгэсэн байгууллагыг би сүүлийн долоон жил орчим удирдаж байна. Уяачдынхаа итгэл найдварыг хүлээж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 120 гаруй мянган уяачдын хийж бүтээсэн ажил асар их л дээ. 11125 морьтой хүмүүс Хүй долоон худагт жагсаж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон. 4249 хурдан морь нэг гараанаас уралдаж хамгийн олон морь уралдсан амжилтыг тогтоолоо. Их ажил амжуулж, наадмаа ч сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.
-Монгол Ардын Намыг улс төрийн ууган хүчин учраас гишүүд, дэмжигчид нь бахархаж явдаг. Гэтэл энэ намын бүтээсэн түүхийг үгүйсгэх хандлага цухалзах болжээ?
-Монгол Ардын Нам бол 20 дугаар зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны хооронд болсон үйл явдлуудыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна. Энэ цаг хугацаа нь Монголын түүх, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан хөгжиж, хот суурин бий болж монголчууд суурин соёл иргэншилтэй болсон үетэй давхцдаг. Олон хот байгуулан үйлдвэрлэл хөгжиж, хүн ам нь эрүүлжин, бичиг үсэгтэй болсон гээд л бүгд 20 дугаар зууны Монголын бодит түүх. Үүнийг ганц намын түүх мэтээр ойлгож, бүдгэрүүлэхээр оролдож байгаа нь маш буруу. Ийм өнцгөөр тайлбарлах гэж хичээх тусам өөрөөр харагдах болно. Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоны үр дүнд "Бид тусгаар тогтносон орон мөн” гэсэн санал асуулга явуулах боломжийг нээсэн. Дараа нь 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч олон улс гүрэнтэй дипломат харилцаа тогтоосон. Энэ бүгд өнөөгийн Монгол орны хөгжлийн үндэс суурь болсон. Гэтэл үүнийг дурдахгүйгээр бараг л сүүлийн 25 жилд Монгол улс бий болчихсон юм шиг ярьж болохгүй. Ингэж бүдгэрүүлж, дарсан ганц жишээ хэлэхэд, 2013, 2014 оны Үндэсний их баяр наадмаар “Ардын хувьсгал” гэдэг үгийг бүх арга хэмжээнээс хасч байв. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн зарим гишүүд баяр наадмын зарим арга хэмжээнд оролцохгүй гэдгээ хэлж, энэ шалтгаанаа Ерөнхийлөгчид танилцуулж байсан. Ардын хувьсгал, Их Монгол улс байгуулагдсан түүхт ойг тэмдэглэх явдал нь Үндэсний их баяр наадам байна гээд хуульчилсан байтал хасч л байдаг. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэсэн үгийг санахад илүүдэхгүй. Болсон үйл явдлыг баталгаажуулж, дараа үеийнхэндээ үнэн зөвөөр үлдээх нь бидний үүрэг.
-УИХ-ын ээлжит бус чуулган нэг зун хоёр удаа хуралдлаа. УИХ-ын даргын захирамж хууль бус гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж байсан ч тусыг олсонгүй. Та УИХ-ын дэд даргын хувьд ээлжит бус чуулганы талаар юу хэлэх вэ?
-2013 оны наймдугаар сард улс орны эдийн засагт амаргүй нөхцөл байдал бий болсон байсан. Чуулган эхлэхийг хүлээх аргагүй болсон учраас “Төсвийн тодотгол хийе. 2012 оны сүүлээр их хэмжээний өр зээл тавьсан нь эдийн засгийг хүндрүүлэх шинжтэй боллоо” гээд бид УИХ-ын даргад Ээлжит бус чуулган зарлаж өгөөч гэхэд шаардлагагүй гээд хүлээж аваагүй. Гэтэл энэ жил их ойрхон, хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн Ээлжит бус чуулганыг зарлалаа. Ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарыг засгаас гаргах болон Өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хамт явлаа. Энэ хуулийн төсөл дээр хоёр үндсэн асуудал байв. Эдийн засгийн ил тод байдал гэдэгт хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчдыг хамруулахаар заасан байсан. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн хөрөнгийн дахин хуваарилалтыг бий болгохоор тусгасан. Эхнийхийг нь бид эсэргүүцсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Хуулийг зөв хэрэгжүүлбэл эдийн засагт нааштай үр дүн өгнө. Засгийн газрын гишүүдийг гаргах тухай асуудлыг зургадугаар сарын сүүлчээс л ярьж эхэлсэн. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж "Та нарын мэдлэг, туршлага бидэнд хэрэгтэй байна" гэж тав, зургаан цаг ярьсан. МАН-ыг засгийн эрх мэдлээс гаргаад парламентад суудалтай бусад намуудтай нийлж улс орныг бодсон гэхээсээ илүүтэй ирэх сонгуулийг бодсон сонголт хийсэн нь илт харагдаж байна. Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус гэдгийг бид эхнээс нь хэлж байсан. Зургаан сайдаа томилох гэж эрх баригчид ямар их ажил болов. Төр засгийн ажлыг ингэж унтаад сэрж байгаа аятай хайнга хийж болохгүй. Төрийн ажил явдаг ёс жаяг гэж байдаг. Түүнээс биш хэн нэгэн хүн төрийн эрхэнд гарч ирээд улс орныг бужигнуулж болохгүй. Өршөөлийн хуулийг ард түмэн сайн мэдэж байгаа. МАН Өршөөлийн хуулийг батлагдсаны дараа хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн. Өршөөлийн хуулийн албан тушаал, авлигатай холбоотой заалтыг хүлээж авч болохгүй, харин төрөөс иргэндээ өршөөл үзүүлэх зарчмыг дэмжиж байна гэсэн. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өршөөлийн хуулийг гаргахад би Ерөнхий сайд байсан. Тэр хууль зарчмын хувьд өөр байв. Харин энэ удаагийн Өршөөлийн хууль албан тушаал, авлигатай холбоотой асуудлыг хамруулсан. Манай намын бүлэг аргаа бараад Өршөөлийн тухай хуулийн төслийн хамгийн сүүлийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Одоо ч гэсэн бид зарчмын байр сууриндаа баттай зогсож байгаа.
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танай нам хүлээж авснаар нийгэмд улам их сенсаац бий болгосон. Хэдийгээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл энэ асуудлаар нэг талд гарч чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Хориг тавих, хоригийг хүлээж авах нь бүгд хуулинд заасан хугацаатай. Хориг хүлээж авах санал хураалт болсноос хойш нэг процесс тасарч байгаа юм. Одоогоор Өршөөлийн хуулийн тодорхой заалттай холбоотой хоригийг УИХ хүлээгээд авчихсан. МАН хүлээж авсан нь шуугиан тарилаа гэж байна. Манай нам шуугиан дэгдээе гэж хоригийг хүлээж аваагүй. Би энэ талаар өмнө нь "Гурван жил дураараа дургичихаад дөрөв дэх жил дээр нь Өршөөлийн хуульд албан тушаал, авлигын хэргийг хамруулаад өөрсдийгөө засаг барьж байна гэж болохгүй ээ, ард түмэн харж байгаа шүү" гэж хэлсэн.
-УИХ-ын дарга З.Энхболд нэгэн ярилцлагадаа “МАН-ыг эрх барьж байхад эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан нь худлаа” гэсэн байна лээ?
-Тэгж хэлснийг би өөрөө сонсоогүй. Үнэхээр тэгсэн бол маш хариуцлагагүй үг хэлжээ. Ер нь өнөөгийн эрх баригчдад статистик тоо баримтыг сэмхэн засчихдаг арга барил бий. Ядуурлын түвшинтэй холбоотой тоо баримтыг хөдөлгөчихөөд “Тооцдог аргачлал өөрчлөгдсөн” гэж тайлбарладаг. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч судалгаанаас харахад тэр 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 3 хувь болчихоод байгаа нь ч үнэн. Энэ байдлыг засч залруулахгүй бол цаашид ч үргэлжилж мэднэ. Өнөөдрийн хүндрэлтэй байдалд дэлхийн эдийн засгийн хямрал онцгой нөлөөлөөгүй, улс төрийн буруу бодлогоос үүдэлтэй. Энэ уналт 2012 оноос эхэлсэн. Хэмжээ хязгааргүй асар их өр зээл тавьсан. Зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөнийхөө бараг 30 хувьтай тэнцэх мөнгийг үнэ тогтворжуулж байна гээд цөөн хэдэн компанид өгчихсөн. Эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан. Энэ савлагаагаа зогсоож чадахгүй байна. Тэгэхээр АН, "Шударга ёс" эвсэл, Эдийн засгийн болоод Сангийн сайд байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Засч залруулах алхам хийх учиртай.
-Улс төрийн намууд байтугай иргэд их зөрчил, уур бухимдалтай байна. Ийм цаг үед та Үндэсний зөвшилцлийг санаачилсан. Үр дүн нь хэр гарч байна вэ?
-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл олон намын тогтолцоотой явж ирлээ. Бидний талцал хэрээс хэтэрч орон нутагт ажил албатай явахад хүнд боллоо гэж байгаа нь үнэн. Өнөөдрийнх шиг хэмжээ хязгаар хэтэрсэн ийм байдалд хүрч байсангүй. Энэ талцал хуваагдлыг зөвхөн олон нам байгаатай холбон тайлбарлах нь учир дутагдалтай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэлцдэг. Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас л иргэдийн дундах талцал хуваагдал тасрахгүй байна. Үүнийгээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж засна гэж ярьж байгаа нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөр асуудлууд бий. Үндэсний зөвшилцлийг 2013 онд Монголын улс төрийн ууган хүчний даргын хувьд санаачилсан. Бид өнгөрсөн есдүгээр сард "Үндэсний зөвшилцөл"-ийн 12 дахь удаагийн уулзалтаа хийлээ. 22 намын удирдлагуудад урилга хүргүүлсэн. Энэ удаа бид Сонгуулийн хуулийн талаар ярилцсан. МАН өнгөрсөн онд Засгийн газарт орохдоо Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай ярьж байсан. Гэвч биднийг засгаас гарсны дараа энэ асуудал тун бүдэг бадаг боллоо. Тиймээс бүх намуудаас хуульчид оролцсон ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлэн болгоод байна.
- Хэдийгээр намууд өөр үзэл баримтлалтай ч гэсэн монголчууд нэг л эрх ашигтай. Үндэсний зөвшилцлийн хүрээнд яриад ямар нэг асуудалд үнэхээр нэгдсэн ойлголтод хүрч чаддаг уу?
-Ажлын хэсэг гол гол зарчмын асуудалд санал нэгдсэн. Сонгуулийн тогтолцоонд санал нэгдээгүй. МАН-ын хувьд ард түмэн төрийн эрх барьдаг гэдэг нь үнэн юм бол иргэд төрөө хэрхэн эмхэлж цэгцлэх вэ гэдгээ санал асуулгаар шийдэг гэсэн санал гаргасан. Өнөөдөр болтол энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй чимээгүй байгаа. Намууд нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас одоогийн холимгоороо байж байг гэж ярилцсан. Харин сонгуулийн хар машины хяналт дээр улс орон даяар, уулзалт болгон дээр иргэд хөндөн ярьж байна. Эдийн засаг, нийгмийн байдал ийм хүнд болсон үед 2012 оны сонгууль шиг хар машин ашиглах юм бол сонгуулийн дараа ямар үр дүн гарснаас шалтгаалахгүйгээр амаргүй байдал үүсч мэднэ. Тиймээс иргэн хүний өгсөн санал баталгаатай гэдгийг нотлохын тулд хар машины тооллогыг 100 хувь гараар тоолох ёстой.
-Танай нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү? Мөн танайхыг холимог тогтолцоог дэмжиж байгаа гэх юм?
-Бид яг ийм тогтолцоо зөв гэдэг хатуу байр сууринд хүрээгүй. Өмнө нь жижиг 76-гаар олон удаа сонгууль явж байсан учраас МАН үүнийг дэмжиж байгаа гэж таамаглах нэгэн бий байх. Бид ард нийтээсээ санал асуух байр суурьтай хэвээрээ байгаа. Хоёр долоо хоногийн дотор зохион байгуулаад асуучихаж болно. Сонгуульд бүх нам бэлдэж байгаа. МАН ч ирэх сонгуульд хариуцлагатай бэлдэх ёстой. Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хэн хангаж чадах вэ, бий болсон нөхцлийг хэн засч залруулж чадах вэ гэдэгт ард түмэн хариуцлагатай сонголт хийх учиртай. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ, яаж бэлдэх вэ зэрэг тодорхой асуудлуудыг намынхаа хүрээнд шийднэ.
-УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа. Танай намын гишүүд ч гарын үсэг зурсан байна лээ. Ер нь энэ сард Ерөнхий сайдыг огцруулах юм байна гэсэн шуум тараад байна л даа?
-Г.Уянга гишүүн Дубайд байгуулсан гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндсөн. Манай намын бүлгээс хоёр ч гишүүн гарын үсэг зурсан. Тэд Улсын Их хурлын гишүүний хувьд өөрийн үзэл бодлоор Оюутолгойтой холбоотой шийдвэрт санаанд нь нийцэхгүй зүйл байгаа учраас гарын үсэг зурсан гэдэг. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орсон асуудлаар Ерөнхий сайдаас асуух тодруулах зүйл байгаа. Дубайд гарын үсэг зурсан талаар гишүүд асуух гээд зунжин намаржин хөөцөлдөөд Ерөнхий сайд УИХ-д олдсонгүй шүү дээ.
-Монгол Улсын эдийн засаг улам л хүндрэх төлөвтэй байна гэдгийг олон улсын шинжээчид хэлээд байгаа. Цаашилбал 2017 онд дампуурлаа зарлаж магадгүй улсын тоонд орчихсон байсан. Монгол Улсыг ийм байдал руу эрх баригчид түлхчихэв үү?
-Саяхан Дэлхийн банкны дүгнэлт гарсан. Монголын өр сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчихлээ гэж. Английн Жубилей Дэпт Кампайний саяхан гаргасан судалгаанд эдийн засаг нь хүндэрсэн улс орнуудын долдугаарт Монгол бичигдсэн байна. Энэ бүгд дэлхий нийт, биднийг харж, сонирхож байгаа хүмүүс нэг зүйлийг хэлээд байна гэсэн үг. Үнэхээр өрийн асуудлаас болж Монгол Улс маш хүнд байдал руу явахаар болчихлоо. Сүүлийн жил гаруйн хугацаанд бид ганцхан зүйлийг хийчихээч гэж үе үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд нарт хэлээд л байгаа. 2017 оноос өр төлж эхлэх нь үнэн л юм бол Өр барагдуулах санг эдийн засаг хүнд байгаа ч гэсэн өнөөдрөөс бага багаар хуримтлуулж эхлэх ёстой. Тэгэхгүй бол 2017 онд гэнэтхэн хаанаас ч юм бөөн мөнгө орж ирээд энэ асуудлыг шийдчихнэ гэж байхгүй. Үүнд Засгийн газар анхаарал тавихгүй байна. Валютын ханшийн хүндрэл бэрхшээл, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийн асуудал, үндэсний компаниудын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог сайжруулах зүйл дээр огт юм хийхгүй байна. Оюутолгой, Тавантолгой хоёрыг хөдөлгөчихвөл Монгол сэхнэ, хөдөлгөж чадахгүй бол энэ байдлаасаа гарч чадахгүй гэсэн нэг л зүйл дээр тулгуурлачихаад байгаа нь буруу. Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломж бололцоог нээж өгч болно. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс наймдугаар сарын 31 хүртэл төрийн болон орон нутгийн өмчит компани, төсөвт аж ахуйн тооцоотой 119 байгууллага шинээр байгуулагдсан байна. Энэ 119 компани хувийн секторын хийж байсан ажлыг булааж авч хийгээд байна. Баруун бүс нутгаас 128 мянган тонн мах гаргах боллоо гээд байгаа. Өнөөдөр л баруун бүс нутгаас гаргана гээд шийдчихсэн юм биш. 2010 онд Олон улсын хүнсний байгууллагатай Монгол улсыг гурван бүс нутаг болгож хуваагаад шүлхийгүй эрүүл бүсээс нь мах нийлүүлж байя гэж ярьж тохирсны үр дүн л одоо гарч байгаа юм. Мах гаргахаар зургаан компани сонгон шалгаруулж байгаа мөртлөө дээр нь төрийн өмчит компани менежментийг нь хийх гээд сууж байна. Тэр компани байгуулсан хүмүүсээс нь би “Хөргөлттэй вагоноор хүргэж очсон махны чанарт асуудал үүсвэл энэ байгуулагдсан төрийн өмчит компани хариуцах уу?” гэж асуусан. Тэгсэн “Үгүй. Мах нийлүүлсэн зургаан компани хариуцна” гэж байгаа юм. “Тийм л юм бол төрийн өмчит компани байгуулж яах юм бэ. Хариуцлагыг нь үүрэхгүй бол” гэхэд “Зөвшөөрлийг нь өгнө” гэдэг. Зөвшөөрөл өгөхөд заавал төрийн өмчит компани байгуулах шаардлага байхгүй. Ингэж бизнес эрхлэгчдийн хийж байгаа ажил, олж байгаа орлогын хажуунаас хумслахаа болих хэрэгтэй. Ингэх юм бол тэр зургаан компанид ч хэрэгтэй, татварт ч хэрэгтэй.
-Шинэ он гараад америк долларын ханш 2500 төгрөгт хүрэх урьдчилсан таамаг эдийн засагчдын дунд байна л даа. Долларын ханш өссөнөөр ард түмний нуруун дээрх ачаа улам л нэмэгдэнэ. Энэ ачаанаас хөнгөлөх гарцыг эрх баригчид нэг л олж чадахгүй байх шиг?
-Валютын ханшинд улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг жишээг би хэлье. Монгол Ардын Нам засагт хамтарсан үе буюу тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр 1900 төгрөг байсан валют 1860 төгрөг болж буурсан. Хөрөнгө оруулагчид хууль зүйн таатай орчин, улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг л хүлээж байна. Өмнө нь хөрөнгөө оруулчихаад эргээд татаад авчихсан хүмүүс биднийг ажиглаад сууж байна. Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдал амаргүй тал руугаа явчихсан болохоор одоо өнгөрөх шиг боллоо. Нөгөө талаас валютын ханшийг өсгөөд байгаа гол асуудал бол орон сууцны зээл юм. Бид өмнө нь зургаан хувийн хүүтэй зээлийг улсын төсөвт 20 тэрбумыг суулгаад байр авч байгаагүй 5-8 мянган айл өрхийг нэг жилд байртай болгоё гэж ажилласан. Дөрвөн мянган төрийн албан хаагчийг эхний ээлжинд оруулж байртай болгоод “Болж байна, энэ ажлаа цаашаа үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна” гэдэг шийдвэрт хүрсэн. Сая манай намаас томилогдсон сайд 30 хувийн урьдчилгааг 10 болгох гэж ажиллаад эцсийн байдлаар амжсангүй. Хэрэв Д.Цогтбаатар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бол энэ ажлынхаа цаана гарчих байв. Гэхдээ эрх зүйн орчныг нь бүрдүүлээд, суурийг нь тавиад өгчихлөө. Инфляцийг тодорхой төвшинд барьж байхын тулд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа дэмжсэн бодлого явуулах ёстой. Хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд зайлшгүй зүйлүүдийг хийх л ёстой. Харамсалтай нь, өнөөдөр хөдөө аж ахуй, мал аж ахуйд үзүүлж байсан төр засгийн дэмжлэг бүрэн зогссон. Ноос, ноолуурт 20 тэрбум төгрөг тавиад, улаан буудайнд урамшуулал өгдөг байсан бол өнөөдөр тийм зүйл байхгүй болжээ.
-Оюутолгой, Тавантолгойн төслөө хөдөлгөөд эдийн засгаа аврах боломж бий юу? Ялангуяа Тавантолгойн төсөл дээр улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хоёр хуваагдчихсан юм шиг харагдаж байна. Монголд аль ашигтай хувилбарыг нь сонгоод хөдөлгөчихвөл ард түмэнд л хэрэгтэй юм шиг санагдах юм?
-Тавантолгойн хувьд Засгийн газар төсөл өргөн барьсан. УИХ-д танилцуул гэдэг дээр би, УИХ-ын дарга, нөгөө хоёр дэд дарга гарын үсэг зурсан л даа. Засгийн газар УИХ-д танилцуулах шаардлагагүй, шууд явах ёстой гээд байсан. Тавантолгой шиг стратегийн ач холбогдолтой том ордын гэрээ хэлцэлтэй УИХ танилцах ёстой гэдэг байр сууринаас “Өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрх зүйн орчинд нийцэж үү, үгүй юу гэдгийг нь үзээд нийцээгүй зүйлийг нь засаад УИХ-д оруулаад цааш нь явуул” гэдэг чиглэл өгөхийн тулд л зурсан. Гэтэл нөгөө талд засаж залруулаад явъя гэдэг бодол байгаагүй. Шуудхан хэлэхэд зогсооё л гэдэг бодолтой байсан юм билээ, зарим нэг хүмүүс нь. Ажлын хэсэг байгуулсан ч дарга нь хурал ерөөсөө хийдэггүй. Өргөн барьсан төсөл дотор зарчмын хоёр засвар хийх ёстой гэж би бодож байсан. Төмөр зам олборлолт, тээвэрлэлт хийж байгаа компаниасаа тусдаа байх ёстой. Энэ нь өнөөдрийн барьж ажиллаж байгаа Төмөр замын бодлого, Төмөр замын хуулинд орчихсон байгаа л даа. Хоёрдугаарт, Монголын ард түмний 1072 хувьцааг хариуцсан Эрдэнэс тавантолгой гэж компани байгаа. Монголын тал 51 хувь гэж байгаа бол тэр 51 хувьд нь Эрдэнэс тавантолгой компани ороод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь 1072 ширхэг хувьцаа, Монгол Улсын 51 хувь баталгаатай байх ёстой. Ингэж засаж цаашаа явуулах ёстой гэж бодож байлаа. Харамсалтай нь цаашаа явсангүй ээ.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд маш ихээр унах болсон. 2012 оны сонгуулиас хойш гадаадын хөрөнгө оруулагчид мэдэгдэхүйцээр цөөрсөн. Энэ нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. МАН засаг толгойлж байх үед гадаадын хөрөнгө оруулагчид харьцангуй нааштай байдаг байлаа. Тэдний нүүрээ буруулах болсон шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэж ойлгож болох уу?
-2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум америк доллар байсан. 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсож, эргэж татах үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгох үзүүлэлт. Үүнд улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө оруулагчид гэлтгүй, ер нь бизнес эрхлэгчдийг яаж дарамталж болдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчид маш тод томруунаар үзүүллээ. 11 мянган аж ахуй нэгжийн захирлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байцааж, хянаж байлаа. Нэг өрхийн тэргүүн компанийн захиралд хэрэг үүсгээд шалгагдлаа гэхэд тухайн өрхийн эзэгтэй эсвэл хүү нь компанийнхаа ажлыг үргэлжлүүлээд явж чадахгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болж тэр компанийн үйл ажиллагаа шууд зогсож байх жишээтэй. Энэ мэтчилэн улс төрийн өнгө аястай шалгасан, хянасан байдал эцэстээ эдийн засгаа татаад унагачихсан. Одоо үүнээсээ гарахын тулд бизнес эрхлэх орчноо сайжруулж өгөх ёстой. Ер нь Азийн бар болсон улс орнуудыг хараад байхад аж үйлдвэр нь өндөр хөгжихөөсөө 5-10 жилийн өмнө захын бүс нутгуудаа хөгжүүлсэн байдаг. 1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үе гэхэд Өмнөд Солонгос шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлээд орон нутаг, хөдөө аж ахуй, тариа будааны үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Ингэж өсөлтөө таван хувь болгож байгаад аж үйлдвэр рүүгээ орсон байдаг юм. Гэтэл өнөөдөр эрх баригчид сэхэж ядаж байсан хөдөө аж ахуйгаа зогсоочихлоо. Хурааж авах ургацынхаа 50 хувийг алдчихаад байгальдаа буруугаа чихээд сууж байна. Хаврын тариалалтын үеэр хөдөө аж ахуйг дэмжсэн ямар ч бодлого яваагүй. Үр тарианы дэмжлэг, эргэлтийн хөрөнгийн зээл, шатах тослох материалын зээлээр дэмжиж байж хаврын үрэлгээ тариалалт явагддаг. Гэтэл ийм дэмжлэг үзүүлээгүй.
-Энэ болохгүй бүхнээс гарах гарц нь юу вэ. Тийм гарцыг эрх баригчид олж чадах уу?
-Ямар ч байсан өнөөдрийн эрх баригчид энэ хүнд нөхцөл байдлаас гарч чадахгүй нь ойлгомжтой боллоо. Тэдний ярьж байгаа, хийж байгаа байдлаас нь эрүүлжих нөхцөл ердөө ч харагдахгүй байна. Наад захын жишээ гэхэд л 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болгоё гэдэг хуулийн төслийг бид санаачлаад гурав, дөрвөн сар болж байна. Уг нь энэ хуулийг баталчих л ёстой. Энэ нь эдийн засагт сөрөг гэхээсээ эерэг талууд бий болгоно. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд жаахан өөрчлөлт оруулж мал аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийг хамруулаад хуулийн төсөл санаачилсан. Мөн ялгаагүй МАН-ын гишүүд дангаараа санаачилсан байна гээд л унагаачихсан. МСҮТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, нэмэгдүүлэх аятайхан арга байна гээд л санаачилсан. Ялгаагүй, МАН дангаараа санаачилсан байна гээд л унагаасан шүү дээ.
-МАН-ын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхолтой хүмүүс нэлээдгүй байдаг бололтой. Бүр цаашлаад намын удирдах төвшинд ажиллаж байсан хүмүүсээс МАХН-д элсэх хандлага илт ажиглагдах боллоо. Энэ нь сонгууль дөхөх тусах эрчимжиж байна. Хэдхэн хоногийн өмнө Ж.Сүхбаатар МАН-аас гарч байгаагаа зарлалаа. МАН-ын даргын хувьд намын дотоод эв нэгдлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол Ардын Нам бол 200 мянган гишүүнтэй Монголын ууган улс төрийн хүчин. Яахав нэг, хоёр гишүүн гарах, өөр намд орох нь хувь хүний өөрийнх нь хүсэл, сонирхлын асуудал. Ж.Сүхбаатарын хувьд манай намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн байсан, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд ийм шийдвэр гаргасныг нь би зөвтгөж чадахгүй. Нам дотроо байж болохгүй, хавчигдсан, шахагдсан зүйл огт байхгүй. МАН-ын удирдлага дотроо зөрчилтэй гэсэн зүйл хэвлэлээр багагүй явж байгаа. Манай нам бүтэц зохион байгуулалт, эв нэгдэл дээрээ 94 жил явж ирсэн түүхтэй. Хэн нь ч байсан эрх ашгийг эрэмбэлж чаддаг. Ялангуяа, намын дээд төвшинд. Намын удирдлагад байсан, байгаа, ирээдүйд бас байж болох хүрээлэлдээ эв эеийг эрхэмлэж, улс орны эрх ашиг, намын эрх ашиг хаана байх вэ гэдгийг эрэмбэлж чадна.
-Гаднаас нь ажиглахад МАН-ын дунд шатны байгууллагууд, тэр дундаа орон нутгийн намын хороодын дунд хагарал их санагддаг. Олонх болсон аймагт удирдлагаа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Та намын даргын хувьд нэг талаараа зөөлдөөд, нөгөө талаараа дунд шатны нөхдүүд чинь таныг элэг бариад байна уу гэсэн хандлага ажиглагдах юм. Иймэрхүү асуудалтай нөхдөд хатуухан сануулга өгч болохгүй юу, намын даргын хувиар?
-Дархан-Уул аймагт болж байгаа зүйлийг асуугаад байна л даа. 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга нь АН-ын хүн, Засаг дарга нь нам бус хүн болчихсон байгаа. Манай намын дотоод асуудал. Хоорондоо таарахгүй тохиролцохгүй, санал зөрөлдөх хүмүүс байна. Ийм үр дүнг АН-ын хэсэг нөхдүүд манай намын хэсэг нөхөдтэй нийлээд л бий болгочихож байгаа юм. Ард иргэдийнхээ өгсөн итгэл, сонголтыг хүчингүй болгочихлоо. Намын удирдлага үүн дээр хариуцлага тооцно. Намайг хэт зөөлөн талаасаа хандаад байна уу гэж байна. Би сүүлийн хоёр жил Намын даргын ажил хийж байна. Аймгийн намын хорооны даргыг, ИТХ-ын даргыг намаас хассан дарга надаас өөр байхгүй байх. Алдаатай үйлдэл хийсэн бол хариуцлага тооцох ёстой. Хаашаа явах бол, яах бол гэж айж ичих зүйл байхгүй. Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй ажиллалаа гээд кабинетийнхаа дөрвөн сайдыг огцруулах санал өргөн барьж байлаа. Та бүхэн санаж байгаа байх. Аливаа зүйлд итгэл үзүүлэх ёстой, ажил дээр нь туслах ёстой. Үнэхээр болохгүй байвал хариуцлага тооцох ёстой. Болохгүй байгаа бол өөрөө ч бас хариуцлагаа хүлээж болно.
-Монголын агуу удирдагчдын нэг Юмжаагийн Цэдэнбал агсны 99 жилийн ой энэ жил тохиож байгаа. Их хүмүүний ойг тохиолдуулан цэцэг өргөх ёслол олны анхаарлыг их татлаа. МАН, МАХН хоёр өрх тусгаарласнаас хойш анх удаа хамтарч цэцэг өргөсөн. Үүнээс ч болсон уу таныг Н.Энхбаяр даргатай уулзсан гэсэн яриа маш их гарах боллоо?
-Ордон дотор Н.Энхбаяр дарга намаржих шиг боллоо шүү дээ. Би Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзсан. Мэнд мэдсэн тийм уулзалт болсон л доо. Энэ нам бол яахын аргагүй манай намтай нэг байсан. Манай намд байсан нөхдүүд л олонхийг нь бүрдүүлж байгаа улс төрийн хүчин. Гэхдээ өнөөдөр энэ нам засгийн эрхийг барьж байгаа. Бид сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орох гэж байгаа улс төрийн хүчин. Сөрөг хүчнийхээ байр сууринаас сонгуульд хариуцлагатай орох ёстой л гэж бодож байгаа. Үйл явц хаашаа яаж эргэхийг хэн ч тааж хэлж чадахгүй.
-Эрх баригчдын рейтинг сөрөг хүчнийхээс доогуур байгаа. Энэ нь ард түмэн эрх баригчдад итгэхгүй байна гэсэн үг мөн үү? Эсвэл эрх баригчдын явуулж байгаа бодлого шийдвэр ард түмэнд таалагдахгүй байгаа гэсэн үг үү?
-Эрх баригчдын ажиллаж байгаа байдал, энэ зун, намар болсон бүх үйл явдалд ард иргэд дургүй байна. Хөдөө орон нутагт явж байгаад захын хүнтэй уулзаад ярилцахад “Арай ч дээ, даан ч дээ” л гэж байна. Эрх баригчдын хоорондоо учраа олохгүй байгаа байдалд Монголын ард түмний өгч байгаа үнэлэлт, дүгнэлт гэж ойлгож байгаа. Бие даагчид, популист зүйл их ярьдаг хүмүүсийн рейтинг өндөр байгаа нь зарим судалгаагаар харагдаж байна л даа. Эцсийн дүндээ улс орны өмнө, ард түмний өмнө, парламентын засаглалтай улс орны хувьд хариуцлагыг нам хүлээдэг. Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг шиг улс төрийн намууд хариуцлагаа хүлээж, хийх зүйлээ ярьж, засаж залруулж чадаж байгаа нь цаашаа яваг, чадахгүй байгаад нь ард түмэн хариуцлага тооцож үнэлэлт дүгнэлтээ өгөх байдлаар л асуудалд хандаасай. Хувь хүн бол яах вэ, их сайхан сайхан зүйл бодогдож л байдаг юм. Улс гүрэнг авч явна гэдэг бол тийм амар ажил биш. Наад захын жишээ гэхэд Улаанбаатар хот, 21 аймагт нэг бие даагчийн бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ. Сонгууль дөхөх тусам түмэн олны сонголт нэг талдаа жигдрэх байх. Монголын улс төрийн амьдралд 25 жил явсан Ардчилсан нам төр засгийн ажлыг бүрэн аваад явчих хэмжээнд боловсроогүй, төлөвшөөгүй байна гэдгийг анзаараад л судалгаанд оролцсон хүмүүс саналаа өгсөн байх гэж бодож байна.
-Та нэгэн цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Эрх баригчдын Засгийн газруудын үйл ажиллагааны талаарх таны дүгнэлт?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын хувьд Монголын улстөрчид ч, Монголын ард түмэн ч үнэлэлт, дүгнэлтээ өгчихсөн. Сайн ажиллаж чадаагүй, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оруулах үндэс суурийг нь тавьсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг гарч ирээд засаж, залруулах талд нь дорвитой ажиллачих болов уу гэж бодсон. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Тэгж чадуулах ч үгүй байх шиг байна, зарим нэг хүн. Эдийн засаг, орон нутаг, ард иргэдийн хувьд үүсээд байгаа асуудлыг Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээр зохицуулах, цэгцлэх боломж байгаа. Түүнийгээ гаргаад, дайчлаад ажиллаж чадахгүй байна. Төсвийн орлого өнөөдөр 660 орчим тэрбум төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн зарлага 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдлээ. Эндээс харахад төр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгөөр тасарч байна. Засгийн газар Монгол банктайгаа уялдаж ажиллахгүй байна. Мөнгө санхүүгийн бодлого, Засгийн газрын бодлого хоёр хоорондоо уялдаа холбоотой явах учиртай. Зөвхөн нэг жилийн дотор банкны хугацаа хэтэрсэн зээл 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдчихлээ. Чанаргүй зээл 245 орчим тэрбум болчихлоо шүү дээ. Энэ бол санхүү, банкны салбар улам муудаж байгааг илтгэж байгаа хэрэг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг нэг ч төгрөгийн өр тавиагүй шийдэж байсан. Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд нэлээд анхаарал хандуулж хоёр жилийн дотор цалин, тэтгэврийг гурав дахин нэмсэн. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. “Үдийн цай” гэж нэлээд зардалтай хөтөлбөр байсан, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдийн мөнгөний “автор” нь АН боловч яг өгсөн хүн нь бол би шүү дээ. Энэ бүгд их зардал шаардсан ажлууд байсан. Гэсэн мөртлөө бид тэр хөрөнгийг зээл тавилгүй олж болоод л байсан. Тиймээс Засгийн газар өөрийнхөө нөхцөл бололцоог дайчилж ажиллах ёстой юм. Өнгөрсөн гурван жил цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Цалин таван хувь хүрэхтэй үгүйтэй. Тэтгэвэр 7-8 хувиар л нэмэгдсэн. Тэгвэл Сү.Батболд гэдэг хүн Н.Алтанхуяг гэдэг хүнд 658 төгрөгийн Атар талх хүлээлгэж өгч байсан шүү дээ. Өнөөдөр энэ талх 1130 төгрөг болчихсон байна. Бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Талх нь хоёр дахин үнэ нь нэмэгдчихээд байхад цалин тавхан хувиар нэмэгдэхээр ард түмний амьдрал дордох нь зүйн хэрэг биз дээ. Тэгээд статистик нь болохоор ядуурал 27 хувиас 21 хувь болж буурлаа гээд байдаг. Монгол Улсад ядуурал амжилттай сайхан буурч байна шүү гэж яриад байдаг. Хэн ийм юманд үнэмших юм бэ. Муу юм нь дээшээ өсчихсөн, болмоор царайтай юм нь нэг бол байрандаа, үгүй бол доошоо уначихсан ийм л цаг үе болчихоод байна.
-Нэгэнт үүсчихсэн хямрал, нүүрлэчихсэн аюулаас Монгол Улс, ард түмнийг туйлдуулчихгүй шиг аваад гарчих гарц байж л таарна. Энэ гарц нь оюунтай толгой юу, Оюутолгой юу гэдэг дээр эрдэмтэд маргаж байна. Таныхаар бид ямар замаар замнавал сайхан амьдрах вэ?
-Монгол Улс үндсэндээ 10-15 жил хоёр толгой тойрч маргасаар байгаад өдий хүрлээ. Оюутолгой, Тавантолгой Монголыг хөгжүүлнэ гэж маш их ярилаа. Үнэн хэрэгтээ оюунтай толгой л Монголыг авч явна. Оюутолгой ганцаараа авч явж чадахгүй шүү дээ. 2007 оны дөрөвдүгээр сард Оюутолгойн гэрээ хийгээд УИХ-д өргөн барьж байсан. Өнөөдрийн байгуулсан гэрээнээс, Дубайн тодотголоос хамаагүй дээр гэрээ байсан л даа. Монголд ногдох хувь нь 56 хувь, 2014 он гэхэд хайлуулах үйлдвэр бариад дуусах гэрээ байлаа. Хоёр толгой тойрч маргаад улс орон хөгжихгүй. Одоо үүнээсээ жаахан салах хэрэгтэй. Хийж чаддаг байсан зүйлүүдээ сэргээх, чадахгүй байгаагаа чаддаг болохын төлөө зүтгэх юм бол Монгол Улсад хөгжих боломж, гарц бий.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.