Монгол Ардын нам үе үеийн ахмадуудаа хүлээж авлаа

2014/10/02 19:12 1244

Монгол Ардын нам үе үеийн ахмадуудаа хүлээж авлаа

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй удирдлагууд өнөөдөр үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбоо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбоо, Монголын Урлагын ажилтны холбоо хамтран “Ахмадын өдөрт” зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд үгээрээ бус үйл хэргээрээ манлайлагч үе үеийн 700 гаруй ахмад настан хүрэлцэн ирж баяраа хуваалцлаа.

Арга хэмжээг МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн С.Төмөр-Очир нээж, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хүрэлцэн ирсэн азай буурлууддаа баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Ахмадууд маань улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн зүтгэлтнүүд, өнөөгийнхний өөдөлж дэвжихийн үндэс суурийг тавьж өгсөн гавьяатнууд, шинэ үеийнхнийг удам угсаа, өв соёлоо залгамжлагчид болгон өсгөж хүмүүжүүлсэн буянтнууд билээ. Иймээс ахмаддаа ачлал үзүүлэх ариун ёсны үүднээс төр хайр хишгээ та бүхэнд харамгүй хүртээх ёстой. 

Манай намаас ахмад настны талаар чухам ийм байр суурь, зарчмыг баримталж ирсэн, цаашид ч баримтлах болно” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн МАН-ын зүгээс ахмадуудын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дуулгалаа. Тодруулбал, МАН-ын зүгээс ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьжээ.

Тухайлбал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж байх талаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан байна. Энэ хуулийн төсөл УИХ аар хэлэлцэгдэн батлагдсанаар тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй ижил хэмжээгээр жил бүр нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдэх учиртай аж.

Нөгөө талаар ахмад настныг эрүүл, ая тухтай амьдруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эзэмшсэн мэдлэг ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зэргээр нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх шаардлагын үүднээс МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого” –ын төслийг санаачлан боловсруулсан байна.

Уг бодлогоор тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настан, ахмадын хоршоог татвараас чөлөөлөх, ахмадуудыг олноор ажиллуулж байгаа аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, ач, зээгээ гэрээр асарч байгаа ахмад настанд урамшуулал олгох, өндөр ур чадвартай ахмад зөвлөх мэргэжилтнүүдийн улсын хэмжээний сүлжээ бий болгож, зөвлөх үйлчилгээнд татан оролцуулах зэргээр ахмадуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй аж.

Түүнчлэн ахмад настанд үйлчлэх тусгай зориулалтын эмнэлэг, сувилал, асрамжийн газруудын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалаас тэдний авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалттай санхүүжилт олгох, төрийн хөрөнгөөр орон сууц барьвал тодорхой хэсгийг нь  ахмад настанд эзэмшүүлдэг болох, орон сууцны зээл авах боломж бүрдүүлэх зэрэг ахмадуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх арга замуудыг тусгажээ.

Ардын жүжигчин Л.Цогзолмаад хүндэтгэл үзүүлж МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны “Хүндэт дэвтэр”-т бичсэн батламж, мөнгөн шагнал гардууллаа.

Арга хэмжээний үеэр МАН-ын удирдлагууд Монгол Улсын баатар, дипломатч, намын ахмад ажилтан П.Шагдарсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарт хүндэтгэл үзүүлж МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны “Хүндэт дэвтэр”-т бичсэн батламж, мөнгөн шагнал, мөн Улаанбаатар хотын дүүрэг бүрээс шалгарсан тэргүүний есөн ахмадад МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнол одонг тус тус гардуулсан юм.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооноос П.Шагдарсүрэн гуайд хүндэтгэл үзүүлж, шагнасан бол Урлагийн Ажилтны холбооноос  Л.Цогзолмаа гуайг холбооныхоо дээд шагнал болох Э.Оюуны нэрэмжит шагналыг гардууллаа. 

Энэ жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн 90 насны ой тохиож байгаа бөгөөд арга хэмжээ түүний нэрэмжит Ардын богино дуу дуулаачдын улсын таван удаагийн тэмцээний тэргүүн байрын шагналтнуудын нэгдсэн гала концертоор өндөрлөлөө.

Nam.mn