Мэндчилгээ

2015/11/10 16:25 1011

Монголын сэтгүүлзүйн түүхэнд “Үндэсний хэмжээнд түгэн тарсан анхдагч сонин” хэмээн батламжлагдсан сэтгүүлзүйн салбарын анхдагчдын нэг, Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн" сонин үүсгэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг “Үнэн" сонины үе үеийн сэтгүүлч, сурвалжлагчид, ажилтан, албан хаагчид болон нийт уншигчдадаа хүргэн мэндчилье!

“Монголын үнэн" сонин бол өнөөгийн мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэх хөрс суурь болсон, араасаа “Залуучуудын үнэн”, “Улаан од”, “Хөдөлмөр” зэрэг олон арван хэвлэл мэдээллийн байгууллагыг дагуулсан булган сүүлтэй ууган хэвлэлийн байгууллага юм. Энэ утгаараа “Үнэн” сонины 95 жилийн ойн Монголын хэвлэл мэдээллийн салбарын баяр гэж хэлэх үндэстэй.

Монгол Улсын сонин хэвлэлийн түүхэнд 220 мянган хувь захиалан уншиж байсан хэвлэл “Монголын үнэн” сониноос өөр байхгүй билээ. Энэхүү үүссэн он цаг, хэвлэгдэн гарч байсан захиалагчийн тоо зэргээс гадна Монголын улс төр, нийгмийн амьдралд “Үнэн" сонины гүйцэтгэсэн үүрэг асар их юм. 1980-аад оны сүүлчээр “Үнэн” сонинд гарч байсан олон нийтлэлүүд, тухайлбал, Г.Жамцын “Эх орны ногоон хэрэм сэглэгдэж байна”, Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гэх зэрэг хурц, дайчин нийтлэлүүд нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байв.

Ардчиллын салхи энэ үед “Үнэн” сонины хуудсуудаар Монгол орны өнцөг булан бүрт сэвэлзэж, олон мэдээллийг ил тод болгон шүүмжлэн бичиж эхэлснээрээ нийгмийн амьдралд асар их улс төрийн эр зориг авч ирснийг бид мэднэ. Зүүн Европ болон ЗХУ-д өрнөж байсан өөрчлөн байгуулалтын талаарх мэдээллүүд “Үнэн” сонины хуудсаар л ард иргэддэд хүрч эхэлсэн билээ. Монголчуудын тархи, оюун санаанд сэтгэлгээний тэсрэлт авчирсан энэхүү хурц, хүчтэй нийтлэлүүдээрээ “Үнэн" сонин ардчиллын анхны дуу хоолой болсон.

Энэ үед Монголд дөнгөж бий болж байсан чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийн үүсэлд “Үнэн” сонин нийтлэлийн бодлогуудаараа үлгэр дуурайл үзүүлсэн юм. ‘Үнэн” сонины нэр хүнд, үр өгөөжийг илтгэх өөр нэг зүйл нь энэ байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлж, сонины хуудсуудаар олон түмэнд үгээ хүргэж, танил болсон сэтгүүлзүйн алдартнууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, сайд дарга нар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн магнатууд гээд олон арван алдартнуудын өсөж дэвжих, өөдөө дэвших анхны гараа нь ‘Үнэн” сонин болж байв.

Өнөөдрийн улс орны байдал сайнгүй, эдийн засаг хямралтай, хүнд хэцүү энэ цаг үед “Монголын үнэн” сонин урьдын адил Монголын ард түмэндээ эрч хүчтэй, шуурхай, хурц нийтлэлүүдээ тасралтгүй бичиж, уншигчдад бодит мэдээллийг цаг алдапгүй хүргэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ үлгэр жишээ биелүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Мэдээлэл юунаас ч илүү үнэ цэнэтэй болсон энэ цаг үед уламжлалт аргаа мэдээллийн технологийн дэвшилтэй уялдуулан шинэ үеийн хэрэглэгчдэд зориулж хэвлэмэл мэдээллээс гадна онлайн, мобайл зэрэг төрөл бүрийн хэлбэрээр чанартай, хүртээмжтэй контент бэлтгэн нийлүүлэх нь чухал юм.

Мөн өнөөдөр сэтгүүлч, сурвалжлагчид улам чадваржиж, сэтгүүлзүйн бүх төрөл зүйлээр, бүхий л техник хэрэгслийг ашиглан мэдээ мэдээлэл бэлтгэдэг мултимедиа сэтгүүлчид бий болж эхэлснийг “Монголын үнэн” сонин ч анхаарч, хүний нөөцийн бодлогодоо тусган, ажилтнуудаа сургаж, чадваржуулах ажлыг энэ чиглэлээр хийж, хэвлэлийн салбарын шилдгүүдийг бэлтгэж ирсэн уламжлалаа хадгапан хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Тусгаар Монгол Улсынхаа 100 орчим жилийн түүхийг бичиж яваа "Монголын үнэн” сонины хамт олонд ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Үзэгнийхээ хошуугаар үнэнийг зурж байдаг Та бүхний үйлс бүтээл өнө мөнхөд дэлгэрэх болтугай!

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД